Ч.Төгсдэлгэр: Ногоон байгууламж бол чин сэтгэлээсээ анхаарч ажиллах салбар маань юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2025-01-02 12:32:49

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Чинбатын Төгсдэлгэртэй ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотын хамгийн залуу, хамгийн анхны эмэгтэй архитектор юм.


-Улаанбаатар хотын Ерөнхий архитектор гэдэг хүндтэй албанд томилогдоод дөрвөн сар болж байна. Энэ албыг хариуцах саналыг хэрхэн хүлээж авав, аль хэр сүрдэж байв?

-Мэдээж сүрдсэн. Японд байхдаа Монголынхоо төлөө юм хийчих юм сан гэж бодон олон төсөлд ажиллаж байсан л даа. Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банканд байхдаа ч “Монголын төсөл” гэвэл аль болох орчих гээд, мэдээллийг нь сонсчих гэдэг байлаа. Гадаад явахаар ер нь Монголоосоо холдчих гээд байдаг талтай л даа. Гэхдээ төлөвлөснийг бодоход удалгүй буцаад ирчихлээ /инээв/.


-“Улаанбаатар хотын Ерөнхий архитектор гэдэг юу хийдэг хүн бэ” гэж зарим хүн сонирхож байж магадгүй. Ерөнхийдөө Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлдог ажил гэж тодорхойлж болох уу?

-Хотын ерөнхий төлөвлөлтийг хийнэ гэсэн үг л дээ. Хот яаж хөгжих юм, дэд төв, зам нь хаанаа байх юм, нийтийн тээврийг нь хэрхэн төлөвлөх юм, ногоон байгууламжууд гээд л хоттой хамаатай бүх л зүйл орно гэсэн үг. Ерөнхийдөө иргэддээ л зориулсан ажлыг хийх ёстой алба учраас түмний төлөөх төрийн ажил гэсэн үг юм даа.   


-Товчоор хэлбэл, Улаанбаатар хотын бүх асуудлыг мэддэг хүн гэж ойлгож болно, тийм үү?

-Тийм шүү. Томилогдоод ирүүтээ л, үнэхээр хотын асуудлуудаар амьсгалсан, асуудлаа мэддэг, засчих юм сан гэсэн сэтгэлтэй хүмүүс энд ажиллаж байгааг бүрэн мэдэрсэн. Миний хувьд, чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажиллана даа л гэж бодож байгаа.


-Энэ албанд залуухан, эмэгтэй хүн томилогдсон нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байсан. Хотын дарга таныг томилохдоо залуу үеийн төлөөлөл гэдгийг нэлээд тодотгосон шүү дээ. Энэ үгээр олон зүйлийг илэрхийлсэн нь мэдээж ч Залуу хүний ур ухаанаар Улаанбаатар хотын төлөвлөлтөд салхи оруулах” гэсэн эрмэлзэл байгаа байх. Харин та юу гэж бодож байна вэ?

от төлөвлөлт яриад эхлэхээр яагаад ч юм эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гээд жендэрийн асуудал ерөнхийдөө яригддаг л даа. Дэлхий дахинд ч ийм байна. Яагаад гэхээр, нийслэлийн хүн бүхний төлөө л бид бодож төлөвлөх ёстой. Үнэндээ дэлхийн ихэнх оронд эрэгтэйчүүд энэ албыг хаших нь элбэг байдаг. Тиймээс жирэмсэн хүнд таарсан автобус, зогсоолоос эхлээд л төлөвлөлтгүй байна аа гэсэн асуудал хөндөгддөг. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллаж байж эмэгтэйчүүддээ зориулсан төлөвлөлт гаргаж чадна. Тиймээс хотын дарга залуу эмэгтэй хүнийг анх удаа томилсон нь бас их зоригтой шийдвэр байсан байх аа.


- Дэлхийн шилдэг архитекторуудын дунд Заха Хадид зэрэг цөөхөн эмэгтэй нэрлэгддэг. Мэргэжлийн хүний хувьд,  эмэгтэй архитекторуудаас хэнийг нь та биширдэг вэ?

- Түүх болсон эмэгтэй архитекторууд байдаг ч таны хэлснээр үнэхээр цөөхөн л дөө. Мэдээж архитектор талаасаа Заха Хадидад би дуртай. Хэд хэдэн барилгыг нь үзэж байсан. Би нэг удаа Нью-Йоркт алхаж явахдаа нэг барилга хараад “Хөөх, энэ яг Заха Хадидынх байх шүү” гэж бодсон. Тэр дор нь утсаараа интернэтэд ороод шалгахад мөн байсан. Би таньж чадсан байна гээд баярлан зургийг нь авч байлаа. Тухайн хүний мэдрэмж  архитектурт нь шингэж, танигдаж байна гэдэг чинь үнэхээр бахархмаар шүү.


-“Ийм нэг юм хийнэ” гэсэн бодол, "хор шар” танд байгаа байх. Түүнээсээ хуваалцаж болох уу?

-Олон юм байна аа /инээв/. Бодлогогүй төлөвлөлтөөс болоод л агаарын бохирдол, замын түгжрэл, хөрсний бохирдол гээд л олон асуудал яригдаж байна шүү дээ. Гэхдээ иргэд, олон нийтийн дунд хотын хэдэн байгууллагад л найдах бус, “Би чинь энэ хотынхоо иргэн шүү. Надад энэ хотоо өөрчлөх боломж байгаа, түүнд нь хувь нэмэр оруулъя” гэх хандлагын өөрчлөлт нэмэгдэх болов уу гэж найдаж байгаа. Энэ бол хогоо хамаагүй хаяхгүй, дөнгөж тарьсан модыг хугалахгүй байх зэргээс эхэлнэ шүү дээ. Залуу хүний ч хувьд, эмэгтэй хүний ч хувьд яаж үүнд нөлөөлөх вэ гэдэг дээр юун түрүүн анхаарч, энэ талаар багийнхантайгаа ярилцаж байна.


-Улаанбаатар хотын төвлөрөл ихтэй газраар урсдаг Сэлбэ голын эргээр нь аялал жуулчлалын бүс байгуулах тухай эртнээс ярьж байгаа. Улаанбаатарыг иргэддээ ээлтэй хот байлгах тухайд юуг зорьж ажиллах вэ?

-Ногоон байгууламж. Хүмүүс ч, улс ч ногоон байгууламж байгуулах нь ашигтай субьект биш л дээ. Гэтэл үүнийг өөр аргаар хийж болох юм аа. Ногоон байгууламж гэхээрээ л ганцхан парк мэтээр төсөөлж ойлгох нь учир дутагдалтай. Мэдээж, хүүхэдтэйгээ салхилах гэх зэрэг ач тус их ч, нүдэнд харагдахгүй өчнөөн их ашиг тустай байдаг. Жишээ нь, үерийн усыг ногоон байгууламжууд спонж байдлаар өөртөө шингээхээс эхлээд их хотын стрессийг намжаахад ч тустай байдаг. 

Ногоон байгууламж харахаар нэг сайхан урт амьсгаа авмаар болдог доо. Ногоон байгууламжаар алхсанаар сэтгэл сэргэчихдэг.

Автобусдаад харих гэж байсан хүн зам нь таатай ч юм уу, ногоон байгууламж сайтай байвал нэг цаг алхчихъя гэх мэтээр түгжрэлийг бууруулахад нөлөөлдөг. Хэмжиж болохгүй ийм их үр нөлөө хотын иргэн бүр дээр илэрдэг. Тиймдээ ч ногоон байгууламж бол сурч байхдаа ч, ажиллаж байхдаа ч чин сэтгэлээсээ анхаарч ажиллах юм сан гэж боддог салбар маань юм.


-Улаанбаатар хотын ногоон байгууламжийн их сэргэлтийн шинэ үеийг Төгсөө архитектор эхлүүлэх нь гэсэн найдвар төрж байна. Мэргэжлийнхээ чиглэлээр ямар ямар төсөл дээр ажиллаж байв, аль төслөөрөө бахархдаг вэ?

- Хот төлөвлөлтөөр тээвэр, Монголын автобусны чиглэлээр нэлээн судалгаа хийж байсан. TOD буюу Нийтийн тээвэрт түшиглэсэн хот гэх салбараар Япон их алдартай. Америкийн хотын төлөвлөлт нэлээн өөр байдаг л даа. Японд Дэлхийн банканд ажиллаж байхад 10 орны мэргэжилтэн ирээд Японы төслүүдтэй танилцсан юм. TOD түшиглэхээр хот ингэж өөрчлөгддөг, ингэж сэргэдэг юм байна гэдгийг тэдгээр орны мэргэжилтнүүд төдийгүй би өөрөө ч тэр үед гайхаж байсан л даа.

Тэгээд сүүлийн төсөл маань ногоон байгууламж байсан. Тэр төсөл нь Ёкохама хоттой хамтарсан төсөл байсан юм.  Би Ёкохама хотын Үндэсний их сургуулийг төгссөн, миний амьдарч байсан хот болохоор тэр төслийг бөөн баяр болж хүлээн авч байлаа.

Хотын захиргааныхантай нь хамтарч ажиллаад эхлэхэд, иймэрхүү юмсыг тийм жаахан өөрчлөхөд л ногоон байгууламж нь ингэж ашигтай болдог, засвар үйлчилгээ нь өдөр тутамдаа тэгж сайжирдаг юм байна гэдгээс авахуулаад маш их юм сурсан. Хүнд хэцүү байсан, мэдэхгүй байсан, дараа нь мэддэг болсон төсөл л сэтгэлд ойрхон байдаг юм билээ.


-Архитектор мэргэжил урлагт ойрхон мэргэжил байх гэж бодогддог. Урлаг, спортоор хичээллэдэг үү?

-Спортоор байнга хичээллэдэг. Японд доктор хамгаалах гэж байхдаа, хоёр ч компанид ажиллаж байв. Тэгээд ковидын үед намайг ганц аварсан юм бол спорт. Долоо хоногт 4-5 өдөр спортоор заавал хичээллэдэг байлаа. Бага байхдаа бүжиглэх дуртай, дуулах дуртай охин байсан л даа. Токиод байхдаа музей их үздэг байсан. Аялж явахдаа барилга харах их дуртай.


-Спортын ямар төрлөөр хичээллэж байгаагаа хэлж болох уу?

-Хүндийг өргөлт талын юм хийдэг байв. Янз янзын спортоор нэг удаагийн хичээл аваад хичээллэж үзсэн. Нэг спортын төрлөөр тэмцээнд орохыг мөрөөддөг. Сүүлийн үед боксоор хичээллэж байгаа.


-Мэдээж  зураг их зурдаг байх, тийм үү?

- Архитектор гэхээр, хүмүүс тэгж бодоод байдаг юм. Ер нь, миний бодлоор хамгийн гол чадвар нь зураг гэхээсээ илүүтэйгээр юмыг өндрөөс харах чадвар юм. Өөрөөр хэлбэл, “Bird eye view буюу шувуу шиг дээрээс харах чадвар. Энд байшин барьж, зам тавьчихаар энэ хэсэгт байгаа хүмүүсийн амьдралд хэрэгтэй мөртөө нөгөө талд нь байгаа хүмүүст нь тохирч байгаа эсэхийг яг өндрөөс харах ёстой гэж боддог. Тэгэхээр нэг асуудал шийдэх гээд ширээн сууж байхдаа, “Төгсөө ширээн дээр зогсож байгаа гээд төсөөл дөө” гэж өөртөө сануулах дуртай.


- Жаахан охид онгоцны үйлчлэгч, балетчин болно гээд л мөрөөддөг шүү дээ. Энэ мэргэжлийг яаж сонгож байв?  

-Би 16 настайдаа хот руу орж ирж байв. Гэнэт стрессдээд байгаагаа мэдэрсэн. Дуу чимээ, тоос шороо ихтэй гээд л.  Асуудал гэхээсээ илүүтэйгээр орчноосоо болоод хүн их стресстдэг юм билээ. Тэр үед “Шинэ Монгол”-д сурч байхдаа барилгын инженер болох юм болов уу даа гээд төсөөлчихсөн явж байлаа л даа. Харин нэг удаа хот төлөвлөгч хүн манай сургууль дээр ирж ярилцлага хийсэн.

Би өөрөө сониуч, хэцүү юм руу орохдоо нэг их халшраад байдаггүй хүн л дээ. Тэр үед хот төлөвлөгч гэж их ярьдаггүй байсан болохоор, ямар хүн энэ ажлыг хийдэг байна аа, нэг л лаг хүн энэ ажлыг хийх юм болов уу л гэж бодож байв. Ингээд л сониуч зандаа хөтлөгдөөд л энэ мэргэжлийг сонгосон доо.


-Одоо харин тэр лаг хүн нь болчхоод сууж байна, тийм үү?.

-Үгүй, үгүй болоогүй, амаргүй ажил. Хүсэлдээ хөтлөгдсөн, аав ээж маань дэмжсэн /инээв/. Тэр ажлыг хийх хүсэл нь хүүхэд байхад тэгж төрсөн юм байна. Түрүүчийн хэлснээр, нийтийн төлөө л ажиллах ёстой ажил юм.


- Их хотын амьдрал баян шүү дээ. Цаг наргүй ажиллаж байна уу?

-Тийм ээ, ажил их байгаа. Усаа уугаад, дасгалаа хийгээд, нойртой байвал болно доо.


-Гадаад хэлээс, япон хэлтэй, англи хэлтэй гэж таныг ойлгож байна...

-Тийм ээ, сүүлийн ажиллаж байсан төсөл, их сургуульд англи хэл маань хэрэг болж байлаа. Олон улс руу явж илтгэл тавьж байв.


-Хотод бус хөдөө бага нас тань өнгөрсөн юм байна, тийм ээ?

-Улаанбаатар хотод уг нь төрсөн юм. Өвөрхангайд байж байгаад хотод ирсэн. Тийм болохоор, зуны амралтаар хөдөө явах дуртай охин байлаа.


-Гоё хэлбэртэй байшин харах дуртай гэсэн. Таны хувьд, Улаанбаатар хотын хамгийн гоё архитектуртай хэсэг нь хаанах вэ?

-Төв хэсэг. Их дэлгүүрээс урагшаа, хуучин ч гэлээ оросуудын анх барьж байсан хэсэг юм болов уу даа. Сүүлийн үед орчин үеийн барилгууд баригдаад хотын өнгө үзэмж их өөрчлөгдөж байна. Саяхан би нэг япон архитектор нисэхээс тосож аваад ирж явлаа. Хятад, Орост төсөл хийж байсан хүн л дээ. Улаанбаатарын гудамжийг машины цонхоор харж явахдаа, хятад барилга, орос ч юм уу, за за эргэлзчихлээ монгол юм байна гээд явсан. Тэр үед гадны хүний нүдэнд ингэж харагддаг юм байна гэж бодогдож байсан шүү.


-Тэгэхээр Улаанбаатар хот маань их интернационалч хот юм байна, тийм үү?

-/Инээв/. Японы архитектур гэхээр их минималист байдаг шүү дээ. Бетон чигээрээ, будсан юмгүй,  ороход цулгуй байх ч юм уу. Одоогоос 6-7 жилийн өмнө л дөө, манай багш “Улаанбаатар их цэвэрхэн хот шүү, жаахан арчилчихвал. Азийн зарим оронтой харьцуулахад засагдчихаар шүү” гэж байсан юм. Тиймээс жаахан хичээгээд Улаанбаатараа засчих сан гэж бодогддог байлаа.


-Цэвэрхэн гэдэг нь цэвэр агаартай холбож хэлж байна уу?

- Тэр багш маань Ази гэлтгүй Бразил, Өмнөд Америк гээд их олон орноор явж зөвлөгөө өгч байсан профессор л доо. Хот төлөвлөлт нь асуудалтай гэгддэг тэдгээр газартай харьцуулаад тэгж хэлсэн байх.

Та түрүүнд өнгө төрх гээд ярилаа шүү дээ. Одоохондоо манайд өнгөний код байхгүй юм байна. Иймэрхүү өнгийн барилгыг энэ хэсэгт барина гэх өнгөний код оруулахаар бид ярьж байна. Бас түүхэн барилгуудаа авч үлдэх асуудлыг ч тусгаж байгаа. 


-Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эх оронд маань өнгөрсөн намар болсон. Ер нь, Улаанбаатар хот маань эмэгтэйчүүдэд аль хэр ээлтэй хот вэ, цаашдаа яаж хөгжих вэ?

-Энгийн жишээ дурдахад, эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд их олон газраар явдаг гэсэн судалгаа байдаг. Тэр нь юу вэ гэхээр, хүний хөдөлгөөнийг судлахад эмэгтэйчүүд хамгийн их хөдөлгөөн хийдэг хүмүүс байдаг байх нь л дээ. Хүүхдээ авна, Эмийн сан явна, дэлгүүр орно гэх мэт. Эрэгтэй хүн бол ихэвчлэн ажил гэр гээд л явдаг байх нь. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага жолоо барьдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд голчлон алхаад юм уу, таксидаад явдаг байх нь шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдэд ээлтэй тээвэр байх хэрэгтэй. Тэр талын гол гаргалгаа нь нийтийн тээврээ хөгжүүлэх юм. Жирэмсэн эмэгтэйчүүддээ суудал тавьж өгөх, тэдэндээ тохирсон суудлыг хийгээд өгчихдөг байх жишээний төлөвлөлтүүд их хэрэгтэй болдог.  Цаашилбал, эмэгтэйчүүдийн аюулгүй зорчиход зориулж оройн цагаар автобусны камертай байх зэргээс эхлээд жижиг шийдлүүд ч гарч ирэх ёстой байдаг л даа.


-Олон орноор явж байхад, монгол охид ямар онцлогтой санагддаг вэ?  

- Их дайчин санагддаг. Бие даасан, хүний үг сонсох ч өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Токиогийн их сургуульд эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг. Түүний гишүүн нь байлаа. Олон улсын охид байдаг байсан л даа. Тэр үед монголчууд охидынхоо боловсролд их анхаардгийг ойлгож авч байсан.


-Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын ажил иргэдийн нүдэн дээр өрнөдөг гэж хэлж болно. Анх ширүүн шүүмжилж ч болох шүү дээ. Шүүмжлэлийг хэр даадаг гэж өөрийгөө боддог вэ?

-Амаргүй шүү дээ, шүүмжлэл. Тэгэхдээ зөв бурууг ялгах, үнэн худлыг дэнслэх гэдэг зүйл чухал шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд энэ нь зөв гэж байгаа бол, багийнхан чинь ч тантай хамт зогсож байгаа бол шүүмжлэлээс айлгүй шийдвэртээ бат зогсох ёстой гэж боддог.  


-Баг гэж хэллээ, багаа яаж бүрдүүлж байна вэ?

- Ажлаа аваад удаагүй байна. Хүний нөөцийн асуудал анхаарлаа хандуулахгүй бол яалт ч үгүй дутагдаж байгаа тал байна. Энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүс байвал энэ ташрамд урьж байна.


-Хотын тухай яриад байвал яриад л байна. Хүссэн хүсээгүй хориглосон хориглоогүй Улаанбаатар хотын хүн ам өссөөр л явна. Хотын хүн амын хэт төвлөрлийг багасгах бодлогыг юу гэж боддог вэ?

- Дэлхийн жишгээс харахад ч, бодлогын түвшинд хязгаарлалт тавихгүй бол хэт төвлөрөл үүсдэг гэдэгтэй санал нэг байдаг. Өргөн уудам нутаг дэвсгэртэй орон гэдэг мөртөө Монголын хүн амын бараг л тал хувь нь их хотдоо суурьшиж байна шүү дээ.


-Ер нь, Улаанбаатар хот маань дээшээ хөгжих юм уу, хажуу тийшээ тэлж хөгжих юм уу?

-Дэд төвүүд байгуулчихаар хэт тэлэхгүйгээр хот хөгжих боломжтой байдаг. Гэхдээ 50 жилийн дараа, 100 жил дараа  Монгол яаж өөрчлөгдөх бол гээд бодоод үзэх юм бол энэ хот бүүр томроод ирэхийг ч үгүйсгэхгүй. Яармаг гэхэд таван жил ч хүрэхгүй хугацаанд яаж тэлж өөрчлөгдөж байна. Дагуул хоттой ч болчихсон байх ч юм билүү.

Энэ нь, өөрөөр хэлбэл хот маань нэг их гадагшаагаа тэлэхгүй бодлогыг авч явна гэсэн үг.  Хот тэлчихээр үйлчилгээнүүд маань холдохоос өгсүүлээд асуудал үүснэ. Хотын захаасаа төв рүү ороход маш их цаг хугацаа зарцуулах болно.

Тиймээс дэд төвүүдийг төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр төвлөрлийг сааруулна.


-Эмэгтэй хүн удирдах түвшний ажил хийхийн хэцүү болон сайн тал нь юу байна?

-Удирдах түвшний ажил дээр очиж байж л ер нь шийдвэр гаргаж хэрэгжүүлэх боломжтой байдаг шүү дээ. Хаана ч тийм л байдаг. Тиймээс өөрт шийдвэрийг гаргах, өөрчлөх боломж ирж байгааг их аз завшаантай албанд иржээ гэж ойлгож байгаа.

Хэцүү зүйл нь гэвэл, мэдээж Монголдоо хэдэн жил байхгүй байж байгаад ирсэн болохоор ч тэр үү, энэ охин  юу мэдэх юм бол гэх хүмүүсийн хандлага жоохон хэцүү нь байх болов уу даа. Гэхдээ сэтгэлийн бэлтгэлтэй байгаа. Яг эцсийн зорилгоо харчихсан байхад жижиг асуудлууд тийм хэцүү санагддаггүй. Тийм болохоор болох байх аа.


-Сэтгэлдээ харчихсан байгаа, сэтгэлдээ урлачихсан байгаа Улаанбаатараа бүтээх ажилд тань амжилт хүсье.

-Маш их баярлалаа. 

Related news