Э.Цэндбаатар Мексикийн Педро Бернал Родригестой Монголынхоо рингэнд тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-04 15:32:23

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд амжилттай тулалдаж яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа энэ сарын 15-нд “Аса Арена”-д зохион байгуулна.


Уг эвент нь монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүс хамгаалах тулаан хийж буйгаараа онцлогтой. Тэрбээр эх орондоо хийх тулааныхаа бэлтгэлийг АНУ-д базааж байгаа бөгөөд энэ сарын 10-нд Монголд ирэх аж. Тэгвэл түүний ээлжит өрсөлдөгчөөр Мексикийн тулаанч Педро Бернал Родригес тодорчээ. Родригес мэргэжилд 17 тулаан хийхдээ 14 ялж, нэг ялагдаж, хоёр тэнцсэн байна. Ингэхдээ зургаан тулаандаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ. Тэрбээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын дэлxийн аварга цолыг эзэмшдэг бөгөөд Мексикийн чансаанд 11, дэлxийн чансаанд 58 дугаарт эрэмбэлэгдэж байгаа, шилдэг, өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.


Энэ үеэр Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогт рингэнд эргэн ирнэ. 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан тэрбээр 15 тулаанд 12 ялж, хоёр ялагдан, нэг тэнцсэн бөгөөд мэргэжлийн тулаанаа түр завсарлаад байсан юм. Түүнчлэн Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг зургаан боксчин олон улсын чансаа өндөр зургаан тулаанчтай халз тулалдаж, монголчуудын ур чадвар, чанар чансааг олон улсад таниулах ажээ.


Монголд анх удаа зохиож байгаа WBA холбооны аваргын бүс хамгаалах тэмцээний нэгэн өвөрмөц хэсэг нь Celebrity Match буюу Оддын тулаан билээ. Тэгвэл энэ үдэш өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, өнгө төрхтэй Лил Батогийн эсрэг Чойдог рингэнд гарч сонирхогчдын боксын дүрмээр гурван үе тулалдана.

Энэ нь Монголд боксын спортод Celebrity Match болж буй анхны тохиолдол юм. 






Related news