Улсын аварга О.Хангай 37, арслан Ц.Бямба-Отгон долоо дахь түрүүгээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-10 11:03:30

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дараалсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.


Бямба гарагт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жил, самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын начин “Муухай” хэмээх Б.Ганбаатарын нэрэмжит барилдаан болсон бөгөөд улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд зодоглолоо. Энэ нь 2025 он гарснаас хойш болж буй улсын цолтнууд оролцсон хоёр дахь барилдаан гэдгээрээ онцлог байв. Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ. О.Хангай аваргын хувьд бөхийн өргөөнд болсон барилдаанд 37 дахиа түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр өнгөрсөн жил бөхийн өргөөнд 14 барилдаанд зодоглохдоо найм түрүүлсэн юм.


Харин их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, С.Сүхбат, дунд шөвөгт арслан Р.Пүрэвдагва, харцага Г.Бадрах, начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Батсайхан нар үлдэв. Зохион байгуулагчид “Уран барилдааны шагнал”-ыг улсын харцага Б.Зоригтбаатарт, “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Б.Батсайханд, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатарт тус тус гардууллаа. 

Тус барилдааны түрүү бөх найм, үзүүрлэсэн нь дөрөв, их шөвөгт шалгарсан бөхчүүд хоёр сая төгрөг гардсан юм.


Тэгвэл өчигдөр болсон Баянзүрх дүүргийн 30 жилийн ойд зориулсан “Баянзүрх хайрханы хишиг” бөхчүүдэд чансаа олгох барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Ц.Бямба-Отгон улсын арслан цолыг албан ёсоор авснаасаа хойших анхны түрүүгээ өнөөдөр Баянзүрх хайрханы хишиг барилдаанаас гардлаа. Тэрбээр заалны барилдаанд таван өөр цолтойгоор зодоглож, долоо дахь түрүүгээ авч байна. Харин улсын заан Б.Бат-Өлзий хоёр өдөр дараалан барилдахдаа ийнхүү үзүүрлэж, их шөвөгт шалгарлаа. Түүний хувьд 18 дахь удаагаа үзүүрлэсэн нь энэ.


Тус барилдааны их шөвөгт улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн хурц арслан О.Наранбаатар, дунд шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, Э.Батмагнай, аймгийн арслан Я.Бумбаяр, Н.Намнансүрэн нар үлдэв.

Зохион байгуулагчид “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд, түрүү бөх зургаа, үзүүр дөрөв, их шөвөгт шалгарсан бөхөд хоёр сая төгрөг гардуулсан юм.  

 










Related news