“Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-10 15:16:32

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, ШУА, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо.


Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, дэд профессор Д.Золбоо, “Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхийн зангилаа асуудлын нэг бол яахын аргагүй Ялтын бага хурал юм. Тиймээс тус бага хурлын 80 жилийн ойг тохиолдуулж энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа”-г хэллээ.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Т.Сүхбаатар “Одоогоос 80 жилийн өмнө болсон Ялтын бага хурал нь манай улсын тусгаар тогтнолын түүхэнд тодоор бичигдэх онцгой үйл явдал мөн. Тус бага хурлаас улбаатайгаар 1945 оны аравдугаар сарын 20-нд бүх ард түмний санал хураалтыг сонгуулийн насны нийт иргэдийг оролцуулан явуулсан. Тус санал хураалтад оролцсон бүх хүн Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн юм. Тиймээс аравдугаар сарын 20-ны өдрийн тэрхүү үйл явдлын түүхэн ач холбогдлыг нь ирээдүй хойч үедээ таниулах тал дээр тодорхой ажлыг зохион байгуулж, ойлголт мэдлэгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээв.


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр, "Ялтын бага хурал гэдэг нь ЗХУ, АНУ, Их Британи гэсэн холбоотон гурван гүрний удирдагчийн Ялтад болсон уулзалт юм. Тус бага хурлын дүнгээр Монголын статус-квог хүлээн зөвшөөрсөн нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд бэхжүүлсэнээрээ томоохон ач холбогдолтой" хэмээн тодотгосон юм. 


Тус хуралд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд “Ялтын бага хурал ба Монгол Улс”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр “Дипломатын эрх зүйн хүлээн зөвшөөрөх үйл “status quo”: мөн чанар”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, профессор Д.Баярхүү “Монголын асуудлаарх Зөвлөлт-Дундад иргэн улсын хэлэлцээ ба гэрээ”, ШУА-ийн доктор Н.Хишигт “Бүх ард түмний санал асуулга, олон улсын үр дүн” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. 



Related news