СҮХБААТАР: Аудитаар 5 тэрбум 180,1 сая төгрөгийн зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-04 14:49:49

Баруун-Урт 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид хийсэн аудитаар нийт 5 тэрбум 180.1 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ.

 

Аудитаар 156.2 сая төгрөгийн 41 зөрчилд төлбөрийн акт, 3 тэрбум 073.2 сая төгрөгийн 95 зөрчилд албан шаардлага, 1 тэрбум 950.7 сая төгрөгийн 135 зөрчилд зөвлөмж, хариуцлага тооцох албан шаардлага зургаа нийт 5 тэрбум 180.1 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрч 277 шийдвэр гаргасан байна.


Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад төлбөрийн акт 64 хувь, албан шаардлага 26 хувь, залруулсан алдаа 4 дахин буурчээ. Харин зөвлөмж 17 хувь, хариуцлага тооцох албан шаардлага 2 дахин өссөн байна. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн бүртгэлд нийтлэг зөрчлүүд илэрсэн бөгөөд аудитын байгууллагаас эдгээр зөрчлийг арилгах зорилгоор холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавихаар ажиллаж байна.


 

Түүнчлэн, зөрчил, дутагдлын давтамжийг бууруулахын тулд төсөв, санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дотоод хяналтыг сайжруулах, тайлангийн бодит байдлыг хангах чиглэлээр бодлогын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.

 

Төрийн аудитын газраас аудитын дүнг холбогдох байгууллагуудад танилцуулж, санхүүгийн ил тод байдлыг хангах, зөрчлийг бууруулах арга хэмжээний үр дүнг олон нийтэд мэдээлж, хяналт тавих зарчмыг баримтлан ажиллахыг санууллаа.

  

Related news