“MTV VMAs” наадмыг CBS телевизээр анх удаа дамжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-04-04 15:19:01

НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /AP/. Америкийн MTV телевизээс зохион байгуулдаг “MTV Video Music Awards хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолыг CBS телевиз анх удаа дамжуулна гэж зохион байгуулагчид пүрэв гарагт мэдэгджээ. 


Гурван цагийн турш үргэлжлэх шоуг есдүгээр сарын 7-ны ням гарагт Нью-Йорк хотын UBS аренагаас CBS телевиз шууд дамжуулна. Мөн MTV-гээр нэгэн зэрэг нэвтрүүлэхээс гадна өнгөрсөн жилийн шоуг цацсан Paramount+ платформоор мөн үзэх боломжтой.


CBS суваг нь Tony Awards, American Music Awards зэрэг олон шагнал гардуулах ёслолыг дамжуулдаг. Түүнчлэн 1973 оноос хойш Grammy” наадмыг үзэгчдийн хүртээл болгож байгаа боловч 2027 оноос уг ёслолыг ABC телевиз дамжуулах ажээ.  


2024 оны VMA наадмаас Тейлор Свифт хамгийн олон буюу долоон шагнал хүртэж, Пост Мэлоунтэй хамтарсан “Fortnight дуугаараа дээд шагнал болох “Оны шилдэг клип” төрөлд шалгарсан юм. Ингэснээр Т.Свифтийн уг наадмаас хүртсэн нийт шагналын тоо 30-д хүрснээр VMA-ийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болох Бейонсетэй эн зэрэгцлээ. Харин VMA наадмаас хамгийн олон шагнал хүртсэн эрэгтэй уран бүтээлч бол Эминем /15 шагнал/ юм.


Энэхүү наадмыг 1984 оноос зохион байгуулж байна. Энэ жилийн наадмын номинациудад өрсөлдөх нэр дэвшигчид болон шоуны тайзнаа үзүүлбэрээ толилуулах уран бүтээлчдийг наадам эхлэхийн өмнөхөн зарлана гэж зохион байгуулагчид мэдэгджээ.



Related news