СҮХБААТАР: Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-28 15:12:07

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хариуцлагатай уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа- 2025 уулзалт, зөвлөгөөн Баруун-Урт суманд болж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл, аймаг, сумдын удирдлагууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тулгарч буй асуудал түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг хамтдаа тодорхойлохыг зорьж байна.


Зүүн бүс нутаг тэр дундаа Сүхбаатар аймгийн эдийн засагт уул уурхай чухал нөлөөтэй. Хамгийн гол нь хариуцлагатай байхыг орон нутгийн хамтын ажиллагааны гэрээнд заалт бүрээр нарийн тусгаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг шаарддаг. Гэвч энэ нь одоо ч хангалттай бус байгааг хэлж байна.



Тухайлбал, 2023 онд Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн Байгаль орчин уул уурхайн нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр хэд хэдэн зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгах зөвлөмжүүдийг хүргүүлжээ. Ингэснээр 2 тэрбум орчим төгрөгийн төлбөрийн акт тогтоогдсон байснаас 1,3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. Одоогоор зургаан компанийн 800 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр ажиллаж байна гэдгийг Аудитын газрын дарга Г.Даваа танилцууллаа.


Тус аймагт уул уурхайн чиглэлээр 115 тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл 72, хайгуулын 34, түгээмэл тархацтай ашигт малтмал /ТТАМ/-ын гурав, ТТАМ-ын хайгуулын зургаан зөвшөөрөл байна. Харин Татварын газарт бүртгэлтэй буюу албан ёсоор үйл  ажиллагаа эрхэлж байгаа 29 компани байна.


Татварын газраас өгч буй мэдээгээр дээрх компаниуд өнгөрсөн онд улсын төсөвт 76,4 тэрбум, аймгийн төсөвт 1,3 тэрбум, сумын төсөвт 2,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Үүнээс илүү орлогыг төвлөрүүлэх боломжтой ч ААНБ-ууд харьяаллаа шилжүүлдэггүй, тээврийн компаниуд авто тээвэр буюу өөрөө явагч хэрэгсэлдээ орон нутгийн харъяалалтай дугаар ашигладаггүй нь төвлөрүүлэх орлого бага байх нэг үндэслэл болдог байна.


Хэлсэнчлэн тухайн орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-ууд харьяаллаа заавал шилжүүлэх шаардлагатай. Энэ тухай хамтран ажиллах гэрээнд тусгасан байдаг ч хэрэгжүүлэх нь цөөхөн байгаа юм.


Энэ бүх асуудлыг шийдвэрлэж, бодлогын баримт бичгээ илүү боловсронгуй болгож, шинэ төслөөр хамтран ажиллах гэрээг байгуулах нь ээлжит зөвлөгөөний гол зорилго. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөний төгсгөлд өнгөрсөн оны гэрээний хэрэгжилтийг дүгнэж, шинэчилсэн гэрээг талууд үзэглэнэ

Related news