Пакистаны арми Энэтхэгийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСЛАМАБАД, 2025 оны тавдугаар сарын 10 /BBC/. Зэвсэгт хүчин нь Энэтхэгийн эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлснийг Пакистаны засгийн газар өнөө өглөө мэдэгджээ.
Пакистаны нисэх хүчний гурван бааз руу пуужингаар дайрсан хэмээн тус улсын армийн албан ёсны төлөөлөгч, генерал Ахмад Шариф Чоудри Энэтхэгийн талыг буруутгаснаас нэг цагийн дараа "Баньян ун Марсус" (Бат бөх хана) гэж нэрлэсэн цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Тэдгээр баазуудын нэг нь Исламабадаас 10 орчим км-ийн зайд орших Равалпиндид хотын Нур Хан бааз бөгөөд тус улсын цэргийн командлалын штабуудын нэг аж. Ш.Чоудри хэлэхдээ, “өөрийгөө хамгаалах ажиллагааны хүрээнд түрэмгийллийн хариуг тун удахгүй өгнө” хэмээн мэдэгдээд Энэтхэгийн пуужингуудын ихэнхийг агаарын довтолгооноос хамгаалах цогцолбороор амдан сөнөөсөн, Пакистаны Агаарын цэргийн хүчний объектууд хохирол амсаагүй гэжээ.
"Баньян ун Марсус" ажиллагааны хүрээнд Энэтхэгийн нутаг дэвсгэрт стратегийн олон байд цохилт өгөхөөр төлөвлөж байна гэж Пакистаны “Geo TV” суваг аюулгүй байдлын байгууллагууд дахь эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна. X сүлжээн дэх Пакистаны цэргийнхний хуудсанд мэдээлж байгаагаар, Энэтхэгт нийт 25 бай, түүний дотор Адампур хотод С-400 цогцолборт цохилт өгчээ. Пакистаны зэвсэгт хүчин эдгээр байг устгасан тухай мэдээллийг батлах эх сурвалж үүнээс өөр байхгүй байна.
Пакистаны арми мөн тус улсын Ерөнхий сайд Үндэсний командлалын хороог хуралдуулах гэж буйг мэдэгдсэн байна. Энэхүү хороо нь Пакистаны цөмийн зэвсэгтэй холбоотой бодлого шийдвэрийг хянадаг, энгийн болон цэргийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн дээд түвшний байгууллага юм. Харин Энэтхэгийн эрх баригчид агаарын баазуудад нь цохилт өгсөн гэж Пакистаны тал буруутгасанд тайлбар хийгээгүй боловч дахин довтолсон тохиолдолд хариу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ.
"Пакистан Энэтхэг улс руу шалтгаангүйгээр нисгэгчгүй онгоц, пуужингаар довтолж байгаа нь шийдэмгий хариу арга хэмжээ авахад хүргэж байна" гэж Энэтхэгийн Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдлийг Мэдээлэл, олон нийтийн радио, телевизийн яам нийтэлсэн байна. "Хэдийгээр байдал хурцадсан ч Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин болзошгүй аюулыг таслан зогсоож, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна" гэж уг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Энэтхэгийн эрх баригчид тавдугаар сарын 7-нд шилжих шөнө “Синдур” нэртэй ажиллагааг эхлүүлж, Пакистан болон тус улсын хяналтад байдаг Кашмир мужийн нутагт пуужингийн цохилт өгсний дараа Энэтхэг, Пакистаны хоорондох мөргөлдөөн хурцадсан юм.
Цохилтуудыг Пакистаны армийн байгууламжууд биш, харин “Энэтхэгийн эсрэг террорист халдлагуудыг зохион байгуулсан” бүлэглэлүүдтэй холбоотой есөн байршилд өгсөн гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэж байв. Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын нутагт жуулчид руу халдаж, 26 хүн амиа алдсан юм. Уг халдлагад оролцсон гэх мэдээллийг Пакистаны эрх баригчид няцаасан байна.