АРХАНГАЙ: Боловсролын шилдэг байгууллагаар Төвшрүүлэх сумын цэцэрлэг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-29 13:02:06

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, менежментийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Шилдэг бүтээлч багш”, “Шилдэг менежменттэй сургалтын байгууллага”, “Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ийг шалгаруулах үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

 

2025 оны СӨБ-ын шилдэг бүтээлч багшаар Эрдэнэбулган сумын 1-р цэцэрлэгийн багш Г.Энхтуяа, ЕБС-ийн бага ангийн шилдэг бүтээлч багшаар Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн багш Д.Мөнхзул, дунд ангийн шилдэг бүтээлч багшаар Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн багш Б.Цэрэндэжид нар шалгарч, тус бүр 15 сая төгрөгөөр шагнуулсан юм.

 

Шилдэг менежменттэй боловсролын байгууллагаар Төвшрүүлэх сумын цэцэрлэг шалгарч 20 сая төгрөгөөр, Чулуут сумын ЕБС шалгарч 60 сая төгрөгөөр тус тус шагнууллаа.

 

Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлгээр Төвшрүүлэх сумын ЕБС-ийн Байгалийн ухааны багш нарын бүлэг шалгарч, түүчээлсэн юм.

Related news