НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-19 14:38:42

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.


Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ.


Манай улсын НӨАТ-ын орлого өсөж, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляц, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байгааг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” заалтын “10 хувиар ногдуулна” гэснийг “5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ.


Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Related news