Багш мэргэжлээр төгсөгчдийн чанар хангалтгүй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-10 13:19:20

Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар “Боловсрол бирж”-ийг шинэчлэн байгуулж багшлах боловсон хүчний нөөцийг бүрэлдүүлж байгаа боловч багш мэргэжил эзэмшин төгсч буй иргэдийн чанар хангалтгүй байгааг Засаг дарга Л.Ганболд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзах үеэр хэлж байлаа.

Тухайлбал боловсрол биржээс 25 ажлын байранд 63 хүнийг оролцуулсан шалгалтыг авахад 8 багш тэнцсэн байна. Сайн багшаас сайн шавь төрдөг учраас багшлах боловсон хүчний нөөцийг чанартай багш нараас бүрдүүлж сургуулиудад зарлагдаж буй ажлын байранд багшлах эрхээ авсан боловсрол биржийн шалгалтанд тэнцсэн иргэдээс захирлууд сонгон авах боломжтой гэнэ. Гэвч сургуулиудад гарсан түр ажлын байранд ажилтан авахад боловсрол биржээр дамжуулахад хугацаа алдаж байна.

Түр ажилтнуудыг захирлууд өөрснөө мэдэж ажилдаа авах саналыг хэлсэн боловч бүр болон түр ажлын байранд багшлах хүнийг заавал боловсрол биржийн шалгалтанд тэнцсэн хүнийг авах хэрэгтэй гэдгийг Засаг дарга санууллаа. Энэ нь боловсролын салбарын  чанарыг  дээшлүүлэх, авлига ашиг сонирхолоос ангид байхад оршино. Цаашлаад чадвартай багш нар чанартай боловсон хүчинг бэлтгэж аймаг төдийгүй улс орноо хөгжүүлэхэд биржийн үйл ажиллагаа чухал үүрэгтэйг хэлж байлаа.

Б.Гантуяа 

Related news