С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээллийг нийтэд дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-12 13:17:37

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэнэ гэлээ.

Тэрбээр өнөөдөр 12 цаг 30 минутад Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатартай уулзан, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээллийг сонсох гэнэ. Энэ хүрээнд сайд С.Баярцогт нь оффшор бүсэд нууц данс нээсэнтэй холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж байсан эсэх, үүнд хэдэн доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг тус дансанд байршуулсан, уг асуудалд хэдэн хүн холбогдсон гэх зэрэг асуудлыг тодруулна гэдгээ гишүүн О.Баасанхүү хэллээ.

Түүнчлэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд энэ оны 9 дүгээр сарын байдлаар төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан талаарх гомдол 305 ирсэн. Иймээс энэ оны 6 дугаар сарын 3-нд тус байнгын хороо 10 тоот тогтоол баталж, хэрэгжилтийн биелэлтийг 7 дугаар сарын 10-ны өдөр ирүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод өгсөн. Гэвч өнөөг хүртэл байнгын хороонд тогтоолын биелэлтийн талаар ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй. Ер нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар албан бичгийн хариу өгдөггүй хэмээн тэрбээр ярьлаа.

Б.Туул

Related news