Украинд зориулж АНУ-аас 2 тэрбумын зэвсэг худалдаж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-23 10:57:52

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 22 /TASS/. НАТО-гийн орнууд Украинд зориулж АНУ-аас 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авсан тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Вашингтонд айлчлахдаа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.


“Ерөнхийлөгч Трамп Украинд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэх шийдвэрийг гаргасан. Төлбөрийг НАТО-гийн орнууд хариуцаж байгаа. Бид энэ асуудлаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд эхний хоёр тэрбум ам.долларын зэвсгийг АНУ-аас Украинд хэдийн хүргэсэн"  гэж М.Рютте хэлсэн байна.


Тэрбээр PURL санаачилгын талаар ярьсан бөгөөд уг санаачилгын хүрээнд НАТО-гийн орнууд АНУ-аас Украин руу шууд нийлүүлэх Америкийн зэвсгийг тус бүр 500 сая ам.доллар гарган хамтран худалдаж авч байгаа юм.


Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хийсэн Д.Трампын сүүлийн уулзалт “бүхэлдээ гамшиг” болсон гэж үзэж байгаа эсэхийг асуухад тэрбээр уг уулзалтыг “сайн, амжилттай” болсон гэж үзэж байгаа гэдгээ мэдэгджээ.


Тэрбээр мөн АНУ-д хийсэн айлчлал нь яаралтай байсан гэдгийг үгүйсгэж, өмнө нь "энэ айлчлалын талаар Трамптай мессежээр харилцаж, ярилцсан" гэж мэдэгдсэн байна.


М.Рютте айлчлалынхаа зорилгын тухайд хэлэхдээ, Украин дахь нөхцөл байдлын талаарх НАТО-гийн байр суурь, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг” Ерөнхийлөгч Д.Трамптай хэлэлцэх зорилготой байсан гэжээ. Уг айлчлал түүний ажлын төлөвлөгөөнд багтаагүй байсан бөгөөд НАТО-гийн хэвлэлийн алба түүнийг 10 дугаар сарын 21-ний орой Вашингтон руу явсны дараа айлчлалынх нь талаар мэдээлжээ. 




Related news