Оросын эсрэг хоригт нэгдэхийг Сербид уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-23 12:43:37

БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын эсрэг авсан Европын орнуудын хориг арга хэмжээнд нэгдэх нь Сербийн хувьд Европын Холбоонд элсэхийн тулд заавал биелүүлэх ёстой гол нөхцөл болзол мөн гэсэн агуулгатай тогтоолыг Европын парламент /ЕП/ лхагва гарагт баталжээ. Парламентын нийт 720 гишүүнээс 457 нь тогтоолыг дэмжсэн байна.


ЕП-ын тогтоол нь улс төрийн байр сууриа илэрхийлэх, Европын Холбооны /ЕХ/ бусад бүтцэд хандан уриалга гаргах зорилготой байдаг бөгөөд заавал биелүүлэх зарлиг биш юм. 


Сербийн Нови-Сад хотод болсон эмгэнэлт явдлын ой удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулан дээрх тогтоолыг баталжээ. Эмгэнэлт явдлын дараа Серби даяар эсэргүүцлийн жагсаал цуглаанууд өрнөсөн бөгөөд энэ үеэр Европын парламент жагсагчдыг дэмжиж, тэднийг хөөн тараасан эрх баригчдыг буруутгаж байв. Түүнээс гадна, парламентын гишүүдийн үзэж байгаагаар, Сербид “Европын эсрэг, Оросыг дэмжсэн” суртал ухуулгыг засгийн газрын хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон албан тушаалтнууд явуулсаар байгаа ажээ.


“Ардчиллыг бэхжүүлэх, хууль ба хүний эрхийг дээдлэхэд дорвитой ахиц дэвшил гаргаж, ЕХ-ы гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод бүрэн нийцсэн бодлого явуулж, Оросын эсрэг хоригт нэгдсэн тохиолдолд Серби улс ЕХ-нд гишүүнээр элсэхийг парламент дэмжих болно” гэж тогтоолд өгүүлжээ.  Үүний сацуу “нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхийн тулд ЕХ-ы төлөөлөгчдийг Серби рүү илгээнэ” гэдгийг дурдсан байна. Мөн Сербид чөлөөт, шударга сонгууль явуулахыг дээрх тогтоолд уриалжээ.


Гэвч Сербийн эрх баригчид Оросын эсрэг хориг тогтоохгүй гэдгээ нэг бус удаа мэдэгдсээр байгаа юм. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ЕП-ын тогтоолын талаар хэлэхдээ “энэ бол худал ярих эмгэг” гэж дүгнэжээ. Түүний үзэж байгаагаар, Сербид “өнгөт хувьсгал” дэгдээхийг санаархаж буй Хорват улс энэ тогтоолын ард байгаа ажээ.  

Related news