Европын удирдагчид анх удаагаа орон сууцны асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 23 /KAZINFORM/. Өнөөдөр Брюссель хотноо эхлэх Европын Холбооны гишүүн 27 улсын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар орон сууцны хүртээмжийн тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Европын зөвлөлийн дарга Антониу
Коштагийн хэлснээр, европчуудын хувьд орон сууцны хангамж нь хамгийн
тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа бөгөөд эл асуудлыг анх удаагаа хамгийн
өндөр дээд түвшинд хэлэлцэх гэж байна.
“Өнөөдөр Европын Холбоо маш хүнд
геополитикийн нөхцөл байдалд ороод байгаа. Гэсэн хэдий ч Европын иргэдийн нэн чухал хэрэгцээг хангах асуудалд
анхаарал хандуулах ёстой. Орон сууцны салбарын хямрал нь иргэдийн үндсэн эрхийг зөрчиж,
өрсөлдөх чадварыг сулруулж, иргэдийн ардчилалд итгэх итгэлийг бууруулдаг гурван
сөрөг үр дагавартай. Иймээс миний бие орон сууцны хүртээмжийн асуудлыг Европын
зөвлөлийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан” гэж А.Кошта мэдэгдлээ.
Орон сууцны асуудал нь орон
гэргүй хүмүүс, бага орлоготой өрхүүд төдийгүй залуучууд, дундаж давхаргынхны
эрх ашгийг хөндөж байна. Цар тахлын улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдсоноор барилгын
материалын үнэ өссөн бол үүнтэй
зэрэгцээд хүн ам ба цагаачдын тоо нэмэгдсэн нь орон сууцны эрэлтийг улам
өсгөлөө. Ипотекийн зээлийн хүү өссөнөөр залуучуудын хувьд орон сууц худалдан авах нь улам хүндрэлтэй
болж байна.
Иймээс Европын парламент Орон
сууцны асуудал эрхэлсэн тусгай хороог байгуулсан бол Европын Комисс уг
асуудлаар бүрэн эрхт төлөөлөгчдийг томилж, оны эцсээр Европын Холбооны түүхэнд
анх удаагаа Хүртээмжтэй орон сууцны төлөвлөгөөг танилцуулах ажээ.
Харин өнөөдөр эхлэх Европын
зөвлөлийн хуралдаанаар Хүртээмжтэй орон сууцны төлөвлөгөөг боловсруулах асуудлаарх
зөвлөмжийг Европын Комисс ба Европын зөвлөлд өгөх юм.