" ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт" уриатай өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-01 23:09:12

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдрийг манай улс 20 дахь жилдээ тэмдэглэв. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Улаан тууз сайн дурын шинжилгээний төв, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн баг хамтран  “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ зохион байгууллаа.

Тус өдөрлөгт нийт 200 гаруй үйлчлүүлэгчид оролцож, 10 гаруй ажиллагсад тэдэнд хандсан сургалт, сурталчилгааг амаар болон тараах материалаар хүргэж, витаминжуулалтанд хамруулан, сайн дурын шинжилгээ авч, биеийн жин, индексийг нь тодорхойлж үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ.

“Энэ жилийн хувьд үйл ажиллагаанд залуучууд идэвхтэй оролцож, урьд жилүүдийг бодвол цар хүрээ, хамруулалт өргөн байснаараа онцлог боллоо” хэмээн зохион байгуулагчид ярьж байлаа.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Улаан тууз сайн дурын шинжилгээ өгөх төвд 2016 оны 11-р сарын байдлаар 12200 хүн хандан үйлчлүүлж, Бэлгийн Замаар Дамжих Халдвараар 183 хүн өвчилсөн /Тэмбүү-91, Заг хүйтэн-43, Трихомниаз-49/ тохиолдол илэрч, эмчлүүлж байгаа аж.

Эдгээр өвчнүүд нь эрсдэлт бүлгийн хүн амд их байгаа учир ДОХ-той тэмцэх өдрийг угтаж, өсвөр үе залуучууд руугаа чиглэсэн үйл ажиллагааг гурван өрхийн эмнэлэг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтарч зохион байгуулжээ. Энэ хүрээнд 10,11-р ангийн 150 хүүхдэд сургалт зохион байгуулж, үзлэг шинжилгээнд хамруулж, аймгийн төвийн ЕБС-иуд, МСҮТ-ийн хүүхдүүдэд БЗДХ болон ДОХ-оос сэргийлэх талаар сургалт явуулж, боршур тарааж, эссэ бичлэг бичүүлж, санал бодлыг нь сонсчээ.

10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хийсэн сургалт,  үзлэг шинжилгээ, зөвлөгөөнд нийт 808 хүн хамрагдсан байна.

НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Михел Сидибе “ДОХ-ын аюулыг 2030 он хүртэл устгахын төлөө яаравчлая” хэмээн уриалга гаргажээ.

Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсад 218 хүн ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдоод байгаа аж. Мөн 14 хүүхэд төрсөн. Харин тооцооллоор 15-49 насныхны дунд 457 халдвартай иргэн байж болзошгүй гэсэн судалгааг гаргаад байна.

Д.Одонтунгалаг

Related news