Зая гэгээнтнээр заяагаа түшүүлсэн Арын сайхан хангай нутгаар

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-17 14:40:19

Цуврал-4

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олны Архангай аймагт хийсэн аяллын төгсгөлийн нийтлэлийг тэрлэж сууна. Энэхүү нийтлэлдээ Арын сайхан хангай нутагт байрлах түүх, дурсгалын газруудын талаар бичихээр зэхэв.

Бурхант Булган уулын энгэрт Халхын Зая гэгээн орд харшаа сүндэрлүүлсэн нь эдүгэгийн Цэцэрлэг хот болон хөгжсөн тул нийтлэлээ энэхүү хайрханы талаар эхлэхээр шийдэв.

Булган уулын оройгоор нүүх үүлс нь дэвж буй бөх мэт харагдаг. Энэ аймгаас эх орондоо төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүчит бөхчүүд төрөн гарсан нь ч үүнтэй холбоотой хэмээн нутгийн зон олон хүүрнэх аж. Үүнд Монгол улсын аварга Г.Вандан, даян аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд  Д.Рагчаа, Лондонгийн зуны XXX олимпоос хүрэл медаль хүртсэн С. Батцэцэг гээд нэрлэж болно.

Тэртээ 1624 онд Булган уулын энгэрт Заяын гэгээн "Галдан зуу" хийд байгуулжээ. Тус хийдэд шавилан суух нэгэн хуврага ийн өгүүлэв. Тус уулын энгэрт Ламын гэгээн, Заягэгээн, Ширээт гэгээн хэмээх гурван их гэгээн ирж хоноглохдоо хэнийх нь аяганд цэцэг ургасан нь өөрийн хийдийг байгуулахаар тохироод унтжээ. Өглөө босоход Заяын гэгээний аяганд цэцэг дэлгэрсэн байсан тул “Галдан зуу” хийдийг байгуулсан байна. Цагтаа энд 3000 гаруй лам хуврага шавилан суудаг, шашин номын томоохон төв байсан бөгөөд их хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх лам хуврагуудыг буудан хороосон гэдэг. Уг хийд байгуу­лагд­сан цагаасаа эхлээд өнөөд­рийг хүртэл бүдгэрч халцарсан будаг, шун­хыг сэргээснээс өөр засвар хийгээ­гүй унаган төрхөөрөө байгаа аж. Зая гэгээн Булган уулын энгэрт Богд Зонховагийн хөргийг бүтээжээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд уг хөргийг арилгахаар хүрз, зээтүүгээр хуссан ч тусыг эс олсон тул бурханы хөргийг дарж, намын туг, бэлэг тэмдэг зэргийг зурсан байна. Гэвч яаж ч дарсан хөрөг 3-4 хоногийн дараа тодроод гараад ирдэг байжээ. Одоо энэ гайхамшигт бүтээлийг Монголчууд байтугай дэлхий нийт мэддэг, ирж сүсэглэдэг болсон хэмээлээ.

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын дэргэд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг нь харгалзан 1965 онд 1.8 мян. га талбай бүхий газрыг хамгаалалтад авчээ. 

1586 онд анх Булган уулын өвөр “Чонотын хөндий” хэмээх газарт анх Заяын хүрээний шавыг тавьж, анхны дуганыг барьсан хэмээн “Итгэл шастир”-ын 9 дүгээр дэвтэрт тэмдэглэгдсэн байна. Харин 11-р жарны цагаагчин хонин жил 1631 онд өргөтгөн, сэлбэж Заяын хүрээний анхны том дуган, хийдүүдийг барьж эхэлжээ.

Зая гэгээний занданшуулсан шарил эдүгээг хүртэл хадгалагдсаар байна

Ийнхүү Заяын хүрээний суурин дээр Архангай аймгийн Эрдэнбулган сум буюу Цэцэрлэг хот үүсэн хөгжсөн  түүхтэй билээ.

XVII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд  байгуулсан Гүдэн сүмийг анхдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран “Гэгээнтний өргөө гэсэн утгатай Төвд үг” болгосон байна. Хүрээний баруун талд гурван суварга байх бөгөөд түүнд Зая бандид хутагтын дөрвөн дүрийн занданшуулсан шарил, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил байжээ. Эдүгээ Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй болон Лувсанжигмэддорж нарын шарил хадгалагдан үлджээ. Их хэлмэгдүүлэлтийн үед тус шарилыг устгахаар оролдсон бөгөөд дээр үлдсэн 2 шарилыг чулуу, модоор хичнээн цохиод ч гэмтээгүй тул суварга дор буцаан байршуулсан гэдэг. Гэгээнтнүүдийн шарилыг 3 жилийн өмнө суваргаас гаргаж, алтдан аймгийн хийдэд залсан байна.

1947 онд “Аймгийн орон нутаг судлах кабинет” нэртэй, 500 гаруй үзмэртэй байгуулагдсан “Аймгийн музей” Зая гэгээний хүрээнээс хадгалагдан үлдсэн Баруун Зүүн сэмчин, Лаврин, Гүдэн барилгад үйл ажиллагаа явуулж байна. Тус музей Угсаатны, түүхийн, урлалын, Заяын буюу шашны гэсэн 4 ангитайгаар нээгдэж, үндсэн ба туслах гэсэн 2 сан хөмрөгтэй, “хосгүй үнэт”, “үнэт”, “ердийн” гэсэн 3 ангилалд 3000 орчим үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Музейд Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан шүүсний хутга, 14 нас хүртлээ хэрэглэж байсан хар минчүүн шаахай, Хулсан хавчуургатай дэвүүр, зүү ороож хээ угалзаар чимэглэсэн ариун цэврийн иж бүрдэл, Зая гэгээн Лувсантүвдэнчойжийнямын эхнэрийн хэрэглэж байсан толгойны гоёл чимэг, Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан бурхан шүтээний эд зүйлүүд болон маш олон онцлог содон үзмэрүүд хадгалагдаж байдгаараа онцлог юм.

Музей XVIII зууны сүүлчээр Сайн ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны уран дархан Ерэнтэйн урласан хэт хутга, бэл, Бэйсийн хүрээнд эдэлж хэрэглэж байсан Манжилжав уран дарханы бойпор, алт, мөнгө, төмрийн дархан Чавганц, Ерэнтэй, Бат-Өлзий, Манжилжав, Равдан, Мужаан Содов, Галбадрах, уран Шагдар нарын урлан бүтээсэн үндэсний хийц хэлбэртэй гайхамшигт бүтээлүүд, ахмадуудаас үе улиран хэрэглэж ирсэн үндэсний хөгжмийн зэмсгүүд, тухайн үеийн уран бүсгүйчүүдийн урласан нарийн чамин хатгамалын зүйлүүдээр баялаг юм.

Музейн хаалгаар ороход дугануудын дунд Чонон чулуун хөшөө байрлах аж. Тус хөшөөг археологич Ц.Доржсүрэн 1956 онд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын амаас олсон байна. 46 см өндөр мэлхий чулуун суурин дээр байрлах 194 см өндөр тус хөшөөний оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чонын дүрсийг сийлжээ. Хөшөөг 582 онд босгосон бөгөөд Түрэгийн дөрөв дахь хаан Тасбарын дурсгалд зориулан босгосон талаар Чонын дүрсний доод хэсэгт Согод бичээсээр сийлжээ. Мөн Түрэгийн эзэнт гүрнийг үндэслэгч Буман хааны нэрийг ч дурджээ. Түрэгүүд нь өөрсдийгөө чоноос үүсэлтэй гэж үздэг тул хөшөөний дээд хөсөгт чонын дүрс сийлсэн. Энэ бол Түрэгийн эзэнт гүрний домгийг илэрхийлсэн цор ганц түүхийн дурсгал хэмээн Аймгийн музей тайлбарлагч В.Баярсайхан танилцуулав.

Хар балгас туурийг эдүгээг хүртэл судалж байна

Бидний дараагийн зогсоол Уйгурын Хар балгас туурь. Төв Азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балык буюу нутгийнхны нэршлээр Хар балгас хэмээх их хотын нуранги Архангай аймгийн Хотонт сумын нутаг, Орхоны хөндийд оршино.

Уйгурын Яглакар овгийн ноён Пэйло 744 онд өөрийгөө Күтүлүг Билгэ Күл хаан хэмээн өргөмжилж хаан ширээнд суусан байдаг. Түүний удирдсан хүч 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулжээ. Тэрбээр 751 онд Орхоны хөндийд Орду Балык буюу Балыклик (Хар балгас) хэмээх хот цогцлоон байгуулж улсын нийслэл болгожээ. Энэхүү хот нь Хөх Түрэгийн хаант улсын нийслэл хотын туурин дээр байгуулагдсан гэж үздэг. VIII зууны дунд үед Уйгур улс улам бүр хүчирхэгжин Алтайн уулсаас Хянган, Говиос Саяны уулсын хоорондох нутгийг эзлэх болжээ. Хөрш орнуудтай эдийн засаг, соёлын харилцаа өрнүүлж, ялангуяа согд, хятад урчуудын хүчийг ашиглан хот суурингуудыг барьж байгуулжээ. 820 онд Ажо хэмээх Енисейн Хиргисүүдийн захирагч Монголд засаглалаа тогтоохын төлөө Уйгурын хаант улсын эсрэг дайтаж эхэлсэн бөгөөд 840 онд Орду балык хотыг эзлэн авчээ.

Судалгааны байдлаас үзэхэд Уйгур улсын нийслэл Хар балгас буюу Орду Балык хотын ор үлдэц нь 32 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь тогтоогджээ. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш,сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Хааны орд нь тусгайлж барьсан цайзат хэрэмтэй, хойт, урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байжээ.

Хэрмийн дотор малтахад сайхан үзэмжит чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улсын үед холбогдох үнэт өв байжээ. Түүнээс гадна хааны ордонд хамаарах бурхан шүтээнийг агуулж байсан бололтой хэрэм бүхий дуган сүм байсны ор олджээ. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл олдсоноос гадна 840 онд холбогдох хятад зоос ч олджээ.

Түүхэн сурвалжид тэмдэглэснээр Хиргис нар Уйгурын улсыг мөхөөн дараад Хар балгасыг ихэд эвдэн сүйтгэсэн гэдэг. Энэ их эвдрэлийн ор мөрийг одоо ч Хар балгасны байдлаас харж болно. Эдүгээ Хар балгасны зөвхөн хэрэмт хэсэг нь л бүтэн үлдэж, бусад хэсгүүд нь ихэд эвдрэн сүйджээ.

1891 онд  Оросын түрэг судлаач, эрдэмтэн Вильхельм Радловын удирдсан шинжилгээний анги Хар балгасыг судалж эхэлсэн байна. 2009 оноос эхлэн Герда Хенкель сангаас санхүүжүүлж буй “Орхоны хөндий- Харбалгас“ хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ШУА-ийн Археологийн Хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна. Анх уг балгасыг 25 км хавтгай дөрвөлжин гэж үзэж байсан бол одоо 32 км хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршиж байсан гэдгийг тогтоосон байна.

Найман талт бунхан буюу Дой хатны булш

Хотонт сумын нутагт 5х5 метрийн өрлөгтэй найман талт бунхан байх агаад бунханг Галдан бошигт хааний гэргий Ану хатных, Уйгурын Дой хатных гэх маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Гэхдээ уг бунханг ихэнх түүхч, судлаачид Дой хатных гэдэгт санал нэгддэг. Хотонт сум нь өнө эртэд Дулаан уул хэмээн нэрийдэж байсан Хотонт уулын бэлд оршино. Монгол газарт оршиж байсан Уйгур улс зэргэлдээ нүүдэлчин Енисейн Киргизүүдэд ялагдаж нийслэл Орду балык хотоо эзлүүлж, баруун зүг зугтжээ. Харин зарим овог Киргизүүдийн эрхшээлд орсны дотор оюун билиг, гоо үзэсгэлэн төгс Дой хатан байжээ. Дой хатны үзэсгэлэн гоо, билэг оюуныг харь дайсан нь хүндэлж нэгэн цагаан нуурын хөвөөн дахь орд харшид суулган үлдээсэн нь эдүгээ Дойтын цагаан нуур аж. Дой хатныг насан эцэслэхэд түүний шарилыг Дулаан уулын зүүн бага оргилын оройд 5x6 метрийн өрлөгтэй найман талтай чулуун бунханд  мөнхөлжээ. Тийнхүү Дулаан уул нэрээ сольж Хатант уул хэмээх болсон түүхтэй. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатант уулын нэр ам дамжин дуудлага бүдгэрсээр Хотонт болон нэршиж өдгөөг хүрсэн талаар зарим түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.

Гэгээнтний рашаан

Архангай аймгийн төдийгүй улсын хэмжээнд анагаах чадвараараа алдаршсан рашаан бол Бор бургастын рашаан. Энэ рашаан нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас 18 км зайд оршдог өтгөн балар ойн гүнд байгалийн үзэсгэлэнт газар байдаг.

Энэхүү рашааныг анх Зая гэгээн энэ нутгаар ан ав хийж, газар нутаг үзэж явахдаа нээсэн хэмээн үздэг тул “Гэгээнтний рашаан” гэж нэрлэх болсон байна. Бор бургастын рашаанд ходоод, элэг цөс, даралт, нүд, сав, бөөр, зүрх, толгой гээд тус тусад нь тэмдэг хадчихсан байх юм. Бас Зая гэгээний ууж байсан рашаан, амарч хэвтдэг байсан ор гээд дундаа хонхортой том чулуу байх аж.

Жил бүрийн зургадугаар сараас 9 сарыг дуустал аялагчид амарч, рашаанд ордог байна. Энэхүү рашааныг СГЗ Л.Хуушан, Л.Дашням нар Энэтхэгт судлуулсан байна. Мөн энэ онд рашаан судлаач Б.Намбар тус рашаанд судалгаа хийсэн бөгөөд калци, зэсийн өндөр агууламжтай гэсэн дүн гарчээ.

Түүхийн 150 гаруй бичээс хадгалан үлдсэн Тайхар чулуу

Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио юм.

Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг.

Тайхар чулуу ард нь хясаа бүхий намхавтар уул байрлана. Олон жилийн өмнө тэрхүү намхан арын уул нь Тайхар чулуутай холбоотой байжээ. Он цагийн аясаар элгэдэж, нэгэн том чулуу тасран үлдсэн нь Тайхар хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлдсэн талаар судлаачид тайлбарладаг.

Тайхар чулуун дээр хүмүүс олон мянган жилийн турш сүг зураг, овог аймгуудын тамга, тэмдэг, янз бүрийн хэлний бичээс зэрэг утга соёлын өдий төдий зүйлсийг үлдээсээр иржээ. Эдгээр бичээсүүдийг 19 дүгээр зууны сүүл үеэс эхлэн эрдэмтэн , судлаачид сонирхон судалсаар ирсэн ба хамгийн эртнийх нь чулуун зэвсгийн сүүл үед холбогдох улаан зосоор зурсан тамга , тэмдэг бүхий дүрс зураг,амьтны зураг юм. Мөн олон хэлээр бичсэн 150 орчим түүхийн холбогдолтой бичээс байдаг.

Тайхар чулууны талаар олон домог байдгаас нэгийг нь иш татан хүргэж байна.

Эрт дээр цагт аварга том могой худгаас гарч ирэн хүн амьтныг идэж, газар нутгийг сүйрүүлж ган гачиг, өлсгөлөн зовлонд учруулжээ. Нутгийн ард түмэн улсын сайн бөх, аварга биет Бөхбилэгт гэгчид хэл хүргүүлж аварга том могойг дарж, аюулаас аврахыг хүсчээ. Бөхбилэгт ард иргэдийг аюулаас аврахын тулд Булган уулаас нэг томоохон чулуу булгалж, могойтой хэдэн өдөр тулалдсаны эцэст ялан дийлж, могойн толгой дээр мөнөөх чулуугаа байрлуулсан нь эдүгээ Тайхар чулуу болсон хэмээн ам дамжсан домог бий. Булган уулаас чулуу үүрч явах замдаа нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал хэмээн нэрлэжээ. Босохдоо гараараа газар тулсан бөгөөд хурууных нь мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлсэн гэсэн домог бий.

Архангай аймгийн нутаг дэвсгэрт хадны сүг зураг, буган чулуун хөшөө, Хүннүгийн үеийн булш, хүн чулуун хөшөөд олон. Тухайлбал, Улиастайн голын хадны зураг,  Арцатын амны буган хөшөө, Гол модны хүннүгийн булш, Билгэ хааны цогцолбор дурсгал зэрэг Монгол улсын түүх, соёлтой холбоотой олон дурсгалт газар бий. Гэвч энэ бүх газраар хараахан орж амжаагүй тул нийтлэлээ энэ хүрээд  өндөрлье.

Хамт аялсан 23 хүн минь Зая бандидын нутагт эргэн ирж, илүү нарийн танилцах хүсэл тээсээр их хотын зүг хүлгийн жолоо залав.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news