Ц.Ганзориг: Гэр бүлийн хүчирхийллийн 40 хувь нь архитай холбоотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-25 12:02:43

Архангай аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Т.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус байгууллагын хамт олон 2016 оны ажил үйлсээрээ тэргүүлж, аймгийн “Шилдэг байгууллага” болсон юм.

-Цагдаагийн газрын даргын ажлыг аваад хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөв?

-Архангай аймгийн хувьд байршил нь онцлог. Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Завхан аймгуудтай хиллэн оршихдоо Улаанбаатар хот явдаг төв магистрал замын зангилаа болдог.

Хөдөлгөөн ихтэй, явуулын хүмүүсийн дайран өнгөрөх байдал ихэссэн, мал нь таваарлаг, зах зээлд маш хурдан борлогддог өндөр ашиг шимтэй, түүх соёлын үнэт өв соёл, дурсгалт зүйл ихтэй, архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо олширсон, архины хамааралтай иргэдийн тоо бас өндөр, гэмт хэргийн гаралтаараа улсын хэмжээнд сүүлийн хэдэн жилд өсөх хандлагатай болсон. Энэ мэтчилэн шалтгааныг судалж үзээд Цагдаагийн байгууллагаас юун  дээр голчлон анхаарч ажиллах зүйтэй вэ, иргэдийнхээ аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдгийг нилээдгүй бодож, хэд хэдэн зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийг зориод хамгийн түрүүнд цагдаа олон нийтийн ойлголцол хамтын ажиллагааг эрхэмлэж, иргэддээ чиглэсэн л бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Алба хаагчдаа чадавхжуулах, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх бодлого барьж, дотооддоо сэтгэл зүйн болон соён гэгээрүүлэх ажлыг тодорхой үе шаттай эхлүүлж зохион байгуулахыг хичээсэн. Архидалтыг цэгцлэх, согтуугаар үйлдэгдээд байгаа гэмт хэргийг бууруулах, малын хулгай, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлж ажилласан. Зорилго зорилт маань хамт олны маань хичээл зүтгэл шаргуу хөдөлмөрлөсний илэрхийлэл юм. Иргэдийн маань дэмжлэг их чухал.

-Аймгийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал ямаршуухан  байгаа талаар мэдээлэл өгөх үү?

-Манай аймгийн хувьд гэмт хэргийн гаралт өмнөх оноос бага зэрэг өссөн хэдий ч илрүүлэлт сайн байгаа. Би хэдэн тоо баримт хэлэх нь зөв байх. Аймгийн хэмжээнд 2016 онд 536 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24 хэрэг буюу 4,48 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 268 буюу 50 хувийг хөнгөн, 246 буюу 45,9 хувийг хүндэвтэр, 15 буюу 2.8 хувийг хүнд,  7 буюу 1.3 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байгаа ба өмнөх оныхоос хөнгөн ангиллын хэрэг 18,6 хувиар өссөн, хүндэвтэр ангиллын гэмт хэрэг 9,2 хувиар, онц хүнд ангиллын хэрэг өмнөх оныхоос 12,5 хувиар буурсан,  хүнд ангиллын гэмт хэрэг өмнөх онтой ижил түвшинд байна.

Гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд 69.8 хувьтай, өмнөх оны мөн үеийнхээс 6,4 пунктээр өссөн сайн үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд өнгөрөгч онд гэмт хэргийн илрүүлэлт  улсын дунджаас 9,8 хувиар өссөн үзүүлэлт гарсан нь манай байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байгааг илтгэх байх.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 149 бүртгэгдсэн нь 45 буюу 30.2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 29 бүртгэгдсэн нь 3 буюу 10.3 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 45 бүртгэгдсэн нь 11 буюу 24.4 хувиар өссөн нь анхаарал татаж байна.

Гэмт хэргийн улмаас 19 хүн нас барж, 209 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нас барсан хүний тоо 8 буюу 29,6 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 35 буюу 16.7 хувиар өсчээ.

-Манай аймаг малын хулгайн хэргээр улсдаа тэргүүлэх болсон тухай таагүй мэдээлэл байна. Малын хулгайн асуудал зөвхөн танай байгууллагад хамааралтай асуудал биш л дээ. Цагдаагийн газар, аймгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, нөхөрлөл, хоршоод, малчид, иргэдийн хамтын хүчээр л энэ гэмт хэргийг бууруулах үндэс тавигдана байх. Тэгэхээр энэ чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Тийм ээ. Мал хулгайлах гэмт хэрэг 84 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 13 буюу 13.4 хувиар буурч, нийт хэргийн 15.6, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн 34.1 хувийг эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт энэ онд 69,7 буюу өнгөрсөн оны мөн үеэс 7,0 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Гэвч манай аймгийн хувьд хэргийн гаралтаар улсын хэмжээнд дээгүүр үзүүлэлттэй явж байгаа. Иргэдийн санаа зовоосон асуудал хэвээр байна. Энэ байдалд Цагдаагийн газрын даргын хувьд дүгнэлт хийж, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад санал тавьсанаар манай Цагдаагийн газарт Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан хэсгийг тушаалаар байгуулж, алба хаагчдыг томилуулж шийдвэрлүүлж ажиллалаа.Энэ бол бидний ажлын бас нэг үр дүн.

Малын хулгайг бууруулахад иргэд олон нийт, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа маш чухал. Өнгөрсөн жил бид “Хяналт-Шийдвэрлэлт 2016”, “Малын хулгайн илрүүлэлт”, “Илрүүлэлт-Оргодол” зэрэг нэгдсэн арга хэмжээг найман удаа зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг зарим сумдад төвөөс ажлын хэсэг гаргаж, 14-30 хоногийн хугацаатай 10-12 удаа орон нутагт ажиллуулсан. Үүний үр дүнд малын хулгайн 4-5 бүлэглэлийг илрүүлсэн. Нэг хэсэг малын хулгайтай тэмцэх ажил нь зөвхөн цагдаагийн байгууллагын ажил мэтээр хүмүүс ойлгодог, бусад байгууллагуудын оролцоо дэмжлэг муу байсан. Сүүлийн жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд, иргэд малчид маань мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, дэмжиж туслаж хамтарч ажиллаж байгаа учраас энэ төрлийн гэмт хэргийн ирүүлэлт ахиж, гаралт буурах хандлагатай байна.

-Танай байгууллагын тайланд зарим тодорхой төрөл дээрх гэмт хэргийн илрүүлэлт өссөн мэдээлэлтэй байсан. Энэ талаар?

-Цагдаагийн газарт удирдлагын шийдвэрээр гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судладаг Криминологи судалгааны багийг байгуулсан. Ингэснээр гэмт хэргийн нөхцөл байдал нь аль талдаа өсч байна, гаралт ямар төвшинд байгаа, хамрах хүрээ, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх хүчин зүйл нь юу байна гэдгийг 7,14 хоног, сар улирлаар харьцуулж үнэлж дүгнэн гэмт хэрэгтэй тэмцэх ажилдаа төлөвлөгөө боловсруулж ажилласан нь ололттой сайн ажил болсон. Мөн Цагдаагийн газрын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллах хамтарсан багуудыг даргын тушаалаар байгуулсан. Үүнд аймгийн бүх сумд, төвийн 7 багийг бүсчилж хамруулсан. Хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулагч, хэв журмын цагдаа нар гээд бүх төрөл мэргэжлийн албадын алба хаагч нар уг багт орж ажиллаж байгаа нь албадын уялдаа холбоог сайжруулсан, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан чухал ажил болсон юм.

Обьект болон субъектын судалгаа гаргаж гэмт хэрэг үйлдэгдэх тухайн газар оронд амьдарч байгаа сэжигтэй хүмүүс, гэмт халдлагад өртөж болзошгүй газар, хувь хүмүүсийг хамгаалах, шалгахад хялбар болсон. Үүнийг дагаад хэрэг илрүүлэлтэд ахиц гарч байгаа.

Энэ онд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр аймаг орон нутгийн хэмжээнд орон байр, малын хулгай, байгаль орчин, эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид гэмт хэргийн гаралтыг бууруулахад өөрийн бүх хүч, нөөц бололцоогоо ашиглан ажиллана даа.

-Зарим онц ноцтой хэргүүд дээр маш их хөрөнгө хүч тавьж, шаардлагатай үед олон зуун км явах ч тохиолдол гардаг. Эдийн засгийн хүндрэлтэй үед үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Цагдаагийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд гол үзүүлэлт нь онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт байдаг. Өнгөрсөн 2016 онд үйлдэгдсэн онц хүнд бүх хэргүүдийг илрүүлсэн. Иргэд онц хүнд гэмт хэрэг гэхээр дан ганц хүн амины хэрэг гэж ойлгодог. Гэтэл хүн амь, дээрэм, хүчингийн хэргүүд ч багтдаг. Өнгөрсөн оны  08 дугаар сард Хангай суманд гадаадын иргэн алагдсан онц хүнд гэмт хэргийг манай албаны залуучууд ЦЕГ-ын ажлын хэсэгтэй хамтарч 14 хоногийн хугацаанд илрүүлсэн. Ер нь энэ төрлийн хэргийг илрүүлэхэд ур чадвар, сэтгэлгээ их шаарддаг. Дээр нь хамтын ажиллагаа, зүтгэл их чухал даа. Мэдээж хөрөнгө, санхүүгийн маш их зардал гардаг.

-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэл их байжээ. Ямар шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдээд, хүний эрүүл мэнд амь нас эрсдэлд ороод байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд шалтгаан гэвэл эхнэр, нөхрийн үл ойлголцол байна. Эдийн засгийн хараат байдал, хардалт, ах дүү хамаатан садны оролцоо байна. Эхнэр нөхөр хоёр сайхан амьдрах гээд байдаг, ах дүү хамаатан садан нь эхнэр чинь ийм, нөхөр чинь тийм гээд хооронд нь муудалцуулаад байдаг. Бусдын хөндлөнгийн нөлөөнөөс болж муудалцаж, зодолдоод гэр бүлийн хүчирхийлэл явагдаад байна. Дээр тоо баримт дурьдахдаа би хэлсэн. Нийт гэр бүлийн хүчирхийллийн 40 хувь нь архитай холбоотой байгаа.

Эцэст нь хэлэхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч дан ганц эмэгтэйчүүд байдаг гэвэл хэтэрхий өрөөсгөл асуудал болно. Өнөөдөр эрэгтэй хүн ч гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж ирдэг. Өнөөдөр хүн бүрт хаана ч явсан сэтгэлд нь хадаатай байдаг ганц зүйл бол гэр бүл үр хүүхэд цаг нартай уралдан ажил хөдөлмөр эрхэлж ээж ,аав, үр хүүхэддээ ч цаг зав гаргаж чадахгүй завгүй мэт байдаг боловч угтаа бидний санаж сэтгэж хийж бүтээж байгаа бүхэн тэднийхээ төлөө байдаг. Айл бүхний хойморт хүүхдийн инээд цалгиж, эмэгтэй хүн бүхэн эр нөхрөө гэртээ айж түгшиж биш хайрлаж, баярлаж угтдаг байгаасай гэж ерөөмөөр байна.

-Ажил үүрэгтээ үнэнч, өгсөн даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, хамт олны нэгдмэл байдалгүйгээр ажил урагшлахад бэрх, өөрийн тань ажилдаа баримталдаг зарчим, хамт олондоо мөрдүүлдэг дүрэм юу  вэ?

-Мэдээж өрхийн тэргүүний хувьд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг байна. байгууллагын даргын хувьд хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг байна. Монгол Улсын иргэн хүний хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг байна. Манай хамт олныг надаас өмнө туршлагатай шилдэг дарга нар удирдаж байсан учраас “Архангайн цагдаа” гэдэг ойлголтыг /школыг/ бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа юм.  Архангайн цагдаад ажиллаж байгаад шилжээд явсан залуучууд томилогдон очсон анги байгууллагадаа шилдэг нь болж чаддаг. Чадсан жишээ олон бий. Хамт олноо “Гэр бүл” байхыг, ажлын газраа хоёр дах гэр шигээ болгож ажиллахыг, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө байхыг уриалж зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим баримталдаг. Цагдаагийн алба хаагчид бид ард түмний “Амар амгалан амьдралын төлөө” шөнийн нойр хоол, ар гэр баяр, цэнгэлээ умартан ажилладаг хүмүүс. Үүний нэгэн баталгаа нь манай хамт олон сүүлийн хэдэн жил шинэ жилийн баярыг тэмдэглээгүй шүү дээ.

Бидний гэр бүлдээ зарцуулах цаг зав бага, төрийн ажлаас гадуур ажил үйлдвэрлэл эрхлэх нь хязгаарлалттай байдаг ажлын онцлогоос шалтгаалан цагдааг сонгосон бол цагдаа шиг байхыг шаарддаг. Бид чинь тангарагтнууд учраас тангарагаа умартаж үл болно. Манайхыг олон эрэгтэй хүүхэдтэй айлаар төсөөлж бодож болох юм. Сайн эцэг байхын тулд надаас шалтгаалах зүйл олон бий. Алдааг минь засч бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилт ололтыг цогцлоож яваа эрхэм журмын нөхөд, хамт олондоо баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Аливаа ажлыг хийхэд саад тотгор, бэрхшээл эс  мундах вэ? Таны хувьд төлөвлөсөн зорьсон зүйлээсээ няцаж байсан удаа бий юу Яагаад?

-Гацаж  байсан үе бий, няцаж байсан үе байхгүй. Би их өөдрөг хүн. Өөрийгөө байнга хурцалж, урамшиж, өөрийгөө зоригжуулж байхгүй бол өөх ч биш булчирхай ч биш гэдэг шиг формны гол байж болохгүй мэргэжилтэй шүү дээ бид чинь.

 

Б.Баясгалан

Related news