Иран улс Америкийн бөхчүүдэд виз олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-02-06 11:37:13

ТЕГЕРАН. /IRNA/. Иран улс Америкийн бөхчүүдийг улсдаа болох чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын тэмцээнд оролцохыг хориглох шийдвэрээ өөрчиллөө.

Иран болон лалын шашинт бусад зургаан улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг 90 хоногийн хугацаагаар хориглох тухай Дональд Трампын зарлигийг шүүх хүчингүй болгосны дараа Иран улс өнгөрсөн амралтын өдөр шийдвэрээ өөрчилжээ.

Ингэснээр хоёрдугаар сарын 16-17-нд Ираны Керманшах мужид болох чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд Иран, АНУ, Азербайжан, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг болон Монголын бөхчүүд өрсөлдөхөөр болж байна.

Д.Трампын хоригийн хариуд Иран улс Америкийн бөхчүүдэд виз олгохоос татгалзаад байсан юм.

Иран болон АНУ 1979 оны Лалын хувьсгалын улмаас дипломат харилцаагаа тасалсан боловч хоёр улсын бөхийн холбоод харилцаа, хамтын ажиллагаатай хэвээр байна.

Бөхчүүдэд виз олгохоор болсон хэдий ч хоёр улсын харилцаа ээдрээтэй хэвээр байна.

Иран улс саяхан баллистик пуужин харвасантай холбоотойгоор Д.Трампын засаг захиргаа Тегераны эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Үүнтэй холбогдуулан Ираны тал мэдэгдэл хийхдээ “манай улс хариу арга хэмжээ авна” гэжээ.

Г.Доржханд

 

Related news