БОНХАЖЯ, Шилийн гол аймагтай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-21 17:42:20

БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Аялал жуулчлалын бодлого зохицуулах газрын дарга Б.Маргад, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар нар өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн засаг дарга Фу Ван Хуй тэргүүтэй албаны 10 гаруй төлөөлөгчийг хүлээн авч уулзав.

Энэ үеэр дэд сайд М.Хүрэлсүх болон Шилийн гол аймгийн засаг дарга Фу Ван Хүй нар протоколд гарын үсэг зурлаа. Хоёр талаас зѳвлѳлдсөний үр дүнд хоёр талын санал, ашиг сонирхол, хамтран ажиллах журмыг үндэслэн дараах хурлын протоколыг боловсруулсан байна. Үүнд, Аялал жуулчлалын хөгжлийг ахиулах, байнгын харилцааг бий болгох үүднээс талууд аялал жуулчлалын ажлын хэсэг байгуулах, Улаанбаатар болон Шилийн хотод төлөөлөгчийн газар байгуулан ажиллах асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ ондоо багтаан Шилийн хотод ажил хэргийн уулзалт зохион байгуулах, Хятад, Монгол, Оросын үндэсний онцлогийг агуулсан аялалын замналыг бий болгох асуудлыг салбарын бодлогын бичиг баримтад тусгах, хил дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах үүднээс Шилийн гол аймгийн Тусгай мэргэжлийн дээд сургуульд жилдээ 30 хүртэлх хүнийг богино хугацааны сургалтад хамруулах тал дээр Шилийн гол аймгаас туслан дэмжих, жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутгийн цагдаагийн байгууллагыг хамруулан хамтран ажиллах, Шилийн хот-Улаанбаатар хот болон Шилийн хот–Чойбалсан хот–Чингис хот–Дээд нийслэлийн хооронд агаарын замыг нээх асуудал дээр талууд хамтран ажиллах, ирэх оны 5 дугаар сард Хятад ба Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн танилцуулах форумыг Шилийн хотод хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг тусгажээ.

Б.Туул
 

 

Related news