Гадна реклам мэдээллийн өртэй байгууллагуудыг шүүхэд өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 13:06:42

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын гадна реклам байгууламж буюу сурталчилгааны самбарууд аймгийн хэмжээнд 50 орчим бий. Эдгээр самбарын өнгө үзэмж, ашиглалтыг аймгийн Захирагчийн Ажлын албанаас хяналт тавьж ажилладаг. Түүнчлэн уг самбаруудыг аж ахуй нэгж байгууллагуудад түрээслүүлж орлогыг нь төрийн санд төвлөрүүлдэг байна.

Энэ оны тухайд “Аймгийн хөгжлийн сан”-д 70 сая төгрөгийг гадна рекламны байгууламжаас төвлөрүүлэхээр тооцсон. Гэтэл нэр бүхий дөрвөн байгуулага төлбөрөө удаан хугацаагаар төлөөгүйн улмаас ихээхэн өр хуримтлагдсанаас үүдэж аймгийн ЗДТГ-ын Захирагчийн алба шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн гэж тус албаны мэргэжилтэн Ш.Эрдэнэзул ярилаа.

Өртэй байгууллагуудаас дурдвал тойргийн дэргэдэх гурван талт самбарыг ашигладаг “Мөнх халдун” компани 17 сая “Дархан меат фүүдс” 2,9 сая, “Эрэл” цементийн үйлдвэр 4,1 сая, “Кредит Монгол” ББСБ 1,4 сая төгрөгийн өртэй. Эдгээр байгууллагуудад аймгийн Захирагчийн Ажлын албанаас удаа дараа самбарыг албадан буулгах болон төлбөр барагдуулах шаардлагыг хүргүүлсэн ч төлбөрөө хийхгүй байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.

                                                                                                                     Б.Норовсамбуу

Related news