Оны эхний улиралд гэмт хэрэг 24 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-16 21:02:21
Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр оны эхний улиралд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 61 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнийг өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад 24.5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 15.7 хувиар буурчээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэгт танхайрах болон хүчиндэх гэмт хэрэг, албан тушаал ашиглал, булаалтын гэмт хэрэг байхгүй. Дийлэнх нь бусдын биед гэмтэл учруулсан гэмт хэрэг эзэлсэн хэвээр байна. Нийт гэмт хэрэг дотор энэ хэрэг 49.2 хувь, дараа нь хулгайн гэмт хэрэг 24.6 хувийг эзэлжээ. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6.6 хувьтай, өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт гарчээ.
Нийт г‎эмт хэргийн 14 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд гэмт хэрэгт холбогдогчдын тоо 49 болж өнгөрсөн оны эхний улирлынхаас мөн өссөн байна. 18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүнгээр 20 гэж үзэхэд  Дэлгэрцогт, Адаацаг, Сайнцагаан,  Луус, Баянжаргалан, Гурвансайхан, Дэрэн, Говь- Угтаал суманд 22- 51 болж, гэмт хэрэг ихтэйд тооцогдож байна.
Гэмт хэргийн улмаас  иргэдэд 184.3 сая төгрөгийн хохирол учирч,үүний 81 хувийг нөхөн төлүүлжээ.
 
Т. Отгонтуяа 
 
Related news