Д.Оюунханд: Аймагтаа "Монгол нум сум" хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-17 11:19:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсдаа хүчит бөх болон хурдан шандаст хүлгүүдээрээ алдартай. Тэднийг олон ч сайхан үйл явдлууд баталж харуулдаг. Харин үндэсний сурын спортоор улсдаа жаахан “унтаа” байдгийг нуух юун. Харин аймаг дотроо бол үндэсний сурын харвааны хошой, аварга мэргэнүүд бий нь ч бий.

Сурвалжлагч миний бие үндэсний сурын харвааны төрлөөр Архангай аймгаас гаралтай улсын мэргэн нэг л хүн байдгийг мэдэв. Тэр бол Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул үндэсний сурын харвааны улсын мэргэн цолтой спортын мастер Дамбийгийн Оюунханд. Тэрээр одоо Эрдэнэт хотын “Ирээдүйн одод” спортын сургуульд байт харвааны багшаар ажилладаг байна. Түүнийг аймагтаа ирсэн байх үеэр цөөн хором хөөрөлдлөө.

Та аймагтаа ямар ажлаар ирэв ээ?
 
- Та бүхэндээ энэ өдрийн мэдийг хүргэе. Миний хувьд төрөлх нутагтаа үндэсний сурын харвааг хөгжүүлэх хүсэл мөрөөдөлтэй их олон жил явлаа. Мөрөөдлийнхөө эхлэлийг тавих гэж ирлээ. Манай Архангай аймагт спортын төрөлжсөн сургалттай сайхан сургууль байгуулагдсан байна. Энэ сургуулийг түшиглээд аймгийн өсвөр насны хүүхдүүдэд үндэсний сурын харваа хэмээх сайхан спортыг зааж сургах, түүнд хайртай дуртай болгох зорилготой ирээд сургуулийн захирал Д.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа. Ямар ч байсан энэ сургууль дээр ирэх намраас үндэсний сурын харвааны анги нээн хичээллүүлэхээр боллоо. Энэ 5-р сардаа багтаан элсэлтээ авч эхэлнэ. Ямар нэг үнэ төлбөргүй. Хичээлийг үндэсний сурын харвааны спортын мастер Э.Болормаа Эрдэнэтээс ирж заах юм. Ингээд өсвөр насныхан сонирхоод хичээллээд ирэхээр эцэг эхчүүд болон нутгийн хүмүүс хичээллэж, аймагт маань үндэсний сурын харваа хөгжих байх гэж найдаж байгаа. Мөн Эрдэнэт хотод амьдарч байгаа Архангай аймгийн уугуул харваачид, нутгийн зөвлөлийнхөнтэйгөө хамтран “Монгол нум сум” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа.

 - Хөтөлбөр хэдий хугацаанд хэрэгжих юм бэ?
 
- Ямар ч байсан эхний шат нь хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ хугацаанд Архангай аймгийн бүх сумыг нум сумын хэрэглэгдэхүүнтэй болгоно. Давхар сургалтууд хийгдэх юм. Улсын мэргэнтэй аймаг байна даа /инээв/. Цаашид улсын цол авах хүний тоо олон болох ёстой юм. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж гэмээнэ улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг аймагтаа зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Аймгийн баг тамирчид ч чанартай болно гэж харж байгаа.   
 
 -  Нэг суманд харвааны хэдэн хэрэгсэл очих вэ?
 
- Нэг нуманд 5 сум ордог. Тэгэхээр сум бүрт 5 нум, 25 сум, иж бүрэн хасаа очно гэсэн үг. Нутгаа гэсэн сэтгэлтэй бүх хүмүүс тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
 
 - Аливаа хөтөлбөр тодорхой хэмжээний мөнгөтэй байж эрчимтэй хэрэгжиж хөгждөг шүү дээ?
 
- 60-аад сая төгрөг эхний ээлжинд орохоор байгаа. Архангай аймаг дахь үндэсний сурын холбооноос тэргүүнээрээ ажиллах саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт тавихаар зэхэж байна. Мөн Эрдэнэт хотод байгаа нутгийн зөвлөлийнхөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт санал тавьсан. Ямартай ч бидний санал хүсэлтийг авсан. Татгалаазгүй /инээв/. Биднийг дэмжих байх аа.
 
Та өөрөө үндэсний сурын харваагаар хэдэн жил хичээллэж байна вэ? Улсын мэргэн цолыг хэзээ авсан бэ?
 
- Би анх 1993 онд аймгийнхаа 70 жилийн ойн наадмын үндэсний сурын харваанд оролцож, түүгээр ч барахгүй түрүүлсэн юм. 19 настай байлаа. Түүнээс хойш тасралтгүй 24 жил харваж, хичээллэж байна даа. 1998 онд улсын мэргэн цолоо авсан.
 
 - Аливаа спортын хүн гэр бүлийнхээ хүмүүсийг спорт руу татдаг талтай. Таны хувьд?
 
- Манай гэр бүлийн хүн Алагаагийн Энхтөр гэж үндэсний сураар харвадаг, спортын мастер хүн бий. Гэр бүлээрээ харвана шүү. Монголд харваач гэр бүл шалгаруулах харваа гэж жил бүр болдог. Энэ харваанд 2012 онд түрүүлж “Шилдэг харваач гэр бүл”-ээр шалгарч байсан. Ер нь л эхний байруудыг авдаг даа. Хоёр хүүхэдтэй. Манай том хүү байт харвааны спортоор хичээллэдэг. Спортын мастер цолтой. Охин маань одоо 12-р ангид сурдаг.
 
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
 
Б.Гэрэлт-Од
Related news