Дэлхийн үнэт үзмэрийн нэг Чонон хөшөө Архангай аймагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-18 14:09:26
Архангай /МОНЦАМЭ/Архангай аймагт Бугатын дурсгал-Чонон хөшөөний бичээс бий. Түүнийг археологич Ц.Доржсүрэн 1956 онд Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын ам гэдэг газраас олж байжээ. Аймгийн музейд 1957 онд авчирсан бөгөөд үзмэрийн ангилалаараа хосгүй үнэт үзмэртээ ордог байна. Тэр ч бүү хэл дэлхийд цор ганц үзмэр гэгддэг ажээ.
Хөшөөний оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлжээ. Хөшөөний баруун, зүүн, нүүрэн талд Согод үсгээр Төв азид төр улсаа байгуулж байсан Түрэг улсын Нивар /527 он/, Буман /552 он/, Мухан /553-572 он/, Таспар /572-581 он/ зэрэг хаадын нэр, түүхэн үйл явдлыг тэмдэглэн бичсэн байдаг. Энэхүү хөшөө нь МЭ 582 онд бүтээгдсэн Монгол нутаг дахь нүүдэлчин Түрэг овог аймгийн уг гарвалыг илэрхийлсэн цор ганц биет дурсгал юм.
Чонон хөшөө нь Архангай аймгийн төвийн музейн гол танхимын урд гадаа байрладаг. Аймгийн музейгээс түүнийг зөөж дотогш оруулах зөвшөөрлөө авах саналаа дээд байгууллагадаа хандаж гаргасан байгаа юм байна. Одоогоор нар, салхинаас хамгаалах бодис цацсан байгаа ажээ.
 Б.Гэрэлт-Од
Related news