Багийн сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөл аймгийн төвийнхний жишигт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-21 16:18:09
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Эрдэнэбулган сум нь 7 багтай ба Хоршоолол буюу 6-р баг нь аймгийн төвөөс 45 км зайд алслагдсан байдаг. Тус багт сургууль, цэцэрлэгийн цогцолбор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2015 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар хүүхдүүдийн ариун цэврийн өрөө, хүүхдийн бие засах газар зэргийг иж бүрнээр нь тохижуулан цэвэр бохирын шугамд холбож өгсөн нь багийн төвд ийм ажил хийгдсэнээрээ анхдагч болсон юм.

Мөн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг хангаж давхруудын шатанд резин наасан нь бусад багт хийгдээгүй анхдагч ажил юм.

Эрдэнэбулган сумын 6-р багийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 13 багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийнхээ ажлыг явуулдаг. Цогцолборт 1-4 ангийн нийт 55 сурагч, цэцэрлэгийн дунд, ахлах бүлэгт нийт 70 хүүхэд суралцаж байгаа ба сургалтын орчин нөхцөл сайжирсантай холбоотойгоор хүүхдүүд аймгийн төв рүү шилжих нь эрс багасч, харин ч хүүхэд нэмэгдэх хандлага гарч байгааг цогцолборын захирал хэлж байлаа.   

Тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 20 хүүхдийн багтаамжтай сургуулийн дотуур байр, 75 хүүхдийн багтаамжтай хичээлийн байр, 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий гал тогоо, багшийн хөгжлийн төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Б.Гэрэлт-Од
Related news