ДЭМБ: Йеменд булчин задрах тахал өвчнөөр амиа алдсан хүмүүсийн тоо 923-т хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-06-13 13:49:31
САНАА. /Al jazeera/.  Дайны хөлд нэрвэгдээд байгаа Йемен улсад энэ оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойших хугацаанд булчин задрах тахал өвчнөөр нас барсан хүний тоо 923-т хүрч, 124 мянга гаруй хүнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. 

Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, булчин задрах тахал өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо пүрэв гарагт 789 байснаа энэ даваа гарагийн орой гэхэд 923 болж нэмэгджээ. Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд 134 хүн уг өвчнөөр амиа алджээ. 

Йемены засаг захиргааны 22 нэгжийн 20-д нь энэ өвчнөөр өвчилсөн тохиолдлууд бүртгэгдээд байна. Пүрэв гарагт 101 820 тохиолдол бүртгэгдсэн байснаа даваа гараг гэхэд 124 002 болж өсч, өвчилсөн хүмүүсийн тоо 22 182-оор нэмэгджээ.
 
НҮБ-ын Хүүхдийн сангаас өнгөрсөн сард гаргасан илтгэлд "ирэх 6 сарын хугацаанд уг өвчнөөр өвчлөгсдийн тоо 300 мянгад хүрч болзошгүй" гэж анхааруулж байсан бол өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлд "хоёрхон долоо хоногийн дотор 130 мянган хүн уг өвчнөөр өвчлөх магадлалтай байна" гэсэн байна. Булчин задрах тахал өвчин Йемен улсад энэ оны 4 дүгээр сард анх бүртгэгдсэнээс хойш 6 долоо хоногийн хугацаанд маш хурдацтай тархжээ. 

Х.Сарнай 
Related news