В.Путин: Бидний эсрэг хориг тавьсан улсууд биднээс хоёр дахин их хохирол амссан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-16 16:40:46
МОСКВА./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр “В.Путинтэй хийх шууд ярилцлага” гэдэг телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, Оросын ард иргэдийн тавьсан асуултуудад хариулдаг уламжлалтай билээ. Энэ удаад тэрбээр 15 дахь удаагаа телевизийн эфирээр ард иргэдтэйгээ нээлттэй ярилцлаа.

Шууд ярилцлагын үеэр Ерөнхийлөгч В.Путин улс орны эдийн засгийн байдал нь Оросын иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьсныг дор багцлан сийрүүлэв.

Хямралыг даван туулах тухайд
  • Оросын эдийн засагт үүссэн зогсонги байдал арилж, бид өсөлтийн үе шат руу шилжжээ гэдгийг бодит баримтууд харуулж байна хэмээн Владимир Путин мэдэгдэв. Тэрбээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллүүдийг танилцууллаа. Тухайлбал, Орос улсын ДНБ гурван улирал дараалан өссөн байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар, эдийн засгийн өсөлт 0,7 хувьтай гарчээ.
  • Үүний сацуу Төв банкны алт, валютын нөөц болон гадаадад байршуулсан нөөц нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд нөөцийн нийтийн хэмжээ 368 тэрбум доллар байсан бол 2016 оны сүүлчээр 378 тэрбум доллар, энэ онд 405 тэрбум доллар болж өссөн гэдгийг төрийн тэргүүн дурдлаа. Автомашины борлуулалт болон ипотекийн зээл олголт нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хүн ардын амьдралын түвшин дээшилж байгааг харуулж байна гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. 
Оросын эсрэг хоригийн тухайд
  • Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нөхцөлд хэдэн арван жил оршин тогтнож, амьдрахад тус улс бэлэн үү? гэсэн асуултанд В.Путин хариулахдаа “Орос орон хөл дээрээ зогсч эхэлсэн тэр цагаас хойш бид эдийн засгийн хоригийн нөхцөлд амьдарч байна. Крым ч юм уу эсвэл өөр асуудал байгаагүй тохиолдолд ч гэсэн Оросыг хазаарлан барихын тулд тэд ямар нэгэн өөр зүйлийг  бодож олох л байсан” гэлээ.
  • Хориг арга хэмжээ Орос улсад нөлөөлсөн, гэхдээ ноцтойгоор нөлөөлөөгүй гэж В.Путин үзэж байна. Энэ хориг бол хоёр үзүүртэй илд бөгөөд хориг тавьсан талд ч мөн адил хохирол учруулсан гэдгийг тэрбээр дурдлаа. НҮБ-аас гаргасан статистик мэдээлэлд дурдсанаар, Оросын эсрэг хориг тавьсан улс орнууд ОХУ-тай харьцуулахад 2 дахин их хохирол амссан байна. “Хориг гэдэг бол хэвийн нэг байдаг зүйл биш бөгөөд ямар ч сайн  сайхан зүйлд хүргэхгүй” гэдгийг В.Путин онцлон тэмдэглэлээ.
  • Оросын талын авсан сөрөг хоригийг сунгах уу гэдэг нь түншүүдтэйгээ харилцах харилцаанаас хамаарах бөгөөд Оросын эсрэг хоригийн цуцлахын хэрээр сөрөг хориг ч мөн адил цуцлагдаж байх болно гэдгийг В.Путин санууллаа.
  • Оросын төрийн тэргүүн хэлэхдээ, тус улсын эсрэг авсан хориг нь эерэг талтай гэдгийг ч мөн дурдсан байна. “Бид авьяас чадвараа нээж, толгойгоо ажиллуулж, үндсэн гол чиглэлүүдэд хүч нөөцөө төвлөрүүлэхээс аргагүйд хүрсэн. Ингэснээр радиоэлектроник, пуужин, эмийн үйлдвэрлэл, хүнд машины үйлдвэр зэрэг томоохон салбаруудад үйлдвэрлэлийн хэмжээ бодитойгоор нэмэгдлээ. Хөдөө аж ахуйг оруулахгүйгээр шүү дээ” гэж Путин ярьсан юм.
Хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварын тухайд
  • Үр тарианы экспорт, тэр дундаа улаан буудайн экспортоор ОХУ дэлхийд тэргүүлэх болсон гэдгийг В.Путин дурдаад, тус улс шувууны махны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг болсныг сайшаан тэмдэглэлээ. ”Бид одоо шинээр зах зээл хайж байна. Хятадын зах зээлийг гахайн болон шувууны мах үйлдвэрлэгч Оросын компаниудад нээлттэй болгох талаар хятад нөхөдтэйгээ ярилцаж тохирсон” гэж Ерөнхийлөгч хэлэв.
  • Хоригийг цуцалсны дараа ч гэсэн хөдөө аж ахуйн салбарынхныг “шууд бус байдлаар” дэмжинэ гэдгээ В.Путин амласан байна. Гэхдээ өрсөлдөх чадвартай байх ёстой шүү гэдгийг тэрбээр тус салбарынханд сануулсан юм.  
Тоон технологи ба хөдөлмөрийн бүтээмжийн тухайд
  • “Шууд ярилцлага”-ын хөтлөгчийн асуултад В.Путин хариулахдаа “Тоон технологи бүхий эдийн засаггүйгээр бид технологийн дараагийн үе шатанд шилжин орж чадахгүй. Шинэ технологид шилжихгүйгээр Оросын эдийн засагт ирээдүй байхгүй болно, энэ нь улс оронд маань ирээдүй байхгүй болно гэсэн үг” гэж онцлон хэлсэн байна.
  • Тоон эдийн засгийг хөгжүүлэх явдал бол эдийн засгийн салбар дахь гол зорилт юм. Энэ тал дээр амжилт гаргах бүхий л боломж нөхцөл Орос улсад бий гэдгийг В.Путин дурдаад “манайд математикийн сайн сургуулиуд байгаа, мөн программчлалын салбар хөгжиж байна” гэлээ.
  • “Шууд ярилцлага”-ын хөтлөгч Оросын Ерөнхийлөгчөөс “та тоон эдийн засгаар өвчилсөн гэдэг яриа үнэн үү? гэж асуухад тэрбээр “би эрүүл л байна шүү дээ” гэж хариулжээ.
  • Төрийн тэргүүн хэлэхдээ “Ерөнхийлөгч хүний гол үүрэг бол иргэдийн орлогыг нэмэгдүүлэх явдал” гэлээ. “Үүний тулд эдийн засгаа хөгжүүлж, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх хэрэгтэй. Харин технологийн шинэ шатанд шилжихгүйгээр эдгээрийг хийх боломжгүй” гэдгийг В.Путин онцлон дурдсан байна.
Банкны тогтолцоо ба бодлогын хүүгийн тухайд
  • Оросын Ерөнхийлөгч хэлэхдээ “Төв банкны явуулж бодлогын логик уялдааг үнэлж байна” гээд бодлогын хүү буурна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний сацуу Төв банкны гол зорилго бол рублийн ханшийг тогтвортой байлгах явдал гэдгийг В.Путин онцоллоо. Банкуудын зүгээс бизнесийн салбарынханд илүү их хэмжээний зээл олгох ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. “Арилжааны банкуудын ашиг өссөөр байна. Ашгийн хэмжээ өнөөдөр 650 гаруй тэрбум рубльд хүрчээ. Гэтэл олгож буй зээлийн хэмжээ нэмэгдэхгүй байна. Хуулийн этгээдүүдэд олгож буй зээлийн хэмжээ дөнгөж 0,7 хувиар өсчээ. Хувь хүмүүст үүнээс ялимгүй их зээл олгож байгаа юм байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт” гэж Оросын Ерөнхийлөгч хэлсэн байна.
О.Барс  
Related news