Сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-20 10:36:29
Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх хичээлийн жилд Хулд сумын сургуулийн 240 гаруй сурагч сайжруулсан ариун цэврийн байгууламж ашигладаг болно. Ариун цэврийн байгууламж барих ажил ирэх долоо хоногт эхлэхээр болжээ.
 Сумын сургуулийн хүүхдүүд агааржуулалтгүй, гэрэл, хаалгагүй, бохир модон жорлон ашиглаж байгаа нөхцлийг халахаар Мобиком корпораци “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллага хамтран “Сумын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах” төслийг дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн.
Монгол орны хөдөөгийн иргэдийн дөнгөж 29 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахуйц усны эх үүсвэрт холбогдсон нөхцөлд аж төрдөг гэдэг судалгаан дээр үндэслэн энэ төслийг ийнхүү эхэлсэн байдаг.
Өнгөрсөн жил Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, Эрдэнэдалай сумын дунд сургууль энэ төсөлд хамрагдаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болсон бол энэ онд Хулд сумын сургууль төсөлд хамрагджээ.
Сайнцагаан, Эрдэнэдалай сумын сургуулийн ариун цэврийн байгууламжид Мобиком корпораци 54.1 сая, “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллага 36.4 сая, Дундговь аймаг өөрийн хөрөнгө оруулалтаар 60 сая төгрөгийг тус тус зарцуулсан юм. Хулд сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийн хөрөнгө оруулалтыг  ч мөн ийм маягаар шийдвэрлэх бөгөөд нийт 82 сая төгрөгийн 27 саяыг нь Мобиком корпораци, 25 саяыг нь Дэлхийн Зөн байгууллага санхүүжүүлэх юм байна.
Сайжруулсан ариун цэврийн байгууламжийг “Royal king” ХХК гүйцэтгэхээр болжээ.
 
Т. Отгонтуяа  
Related news