Рохинжачуудыг тойрсон хямрал: Бангладеш улс Мьянмарын Элчин сайдыг дуудан ирүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-07 10:15:02
ДАККА. /ВВС/. Хоёр улсын хилийн дагуу мина байрлуулж байгааг эсэргүүцэн Бангладеш улс Дакка хотод суугаа Мьянмарын Элчин сайдыг дуудан ирүүлжээ.

Мьянмарт болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачууд Бангладеш руу олноороо дүрвэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Мьянмарын тал хилийн дагуу мина тавьж байна гэж Бангладешийн тал мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийллээ.

Харин Мьянмарын цэргийн эх сурвалж мэдэгдэхдээ “Манай улс сүүлийн жилүүдэд ямар ч мина байрлуулаагүй” гэв. 1990-ээд оны үед хил зөрчихөөс сэргийлэн хоёр улсын хилийн дагуу мина байрлуулж байсан аж.
 
ВВС телевизийн Бангладеш дахь сурвалжлагчийн мэдээлснээр, энэ долоо хоногт хоёр улсын хил орчимд мина дэлбэрсний улмаас наад зах нь гурван хүн шархаджээ.

Минатай холбоотойгоор Мьянмарын тал гомдол мэдүүлж, эсэргүүцлээ илэрхийлсэн эсэхийг асуухад Бангладешийн Гадаад хэргийн сайд Шахидул Хак “Тэгсэн” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна.



НҮБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 25-наас хойш Мьянмарын баруун хойд нутгийн Рахин мужаас 146 мянга гаруй рохинжа иргэд Бангладеш руу дүрвээд байна.
 
Рохинжа босогчид цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү халдсанаар тус мужид зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, энгийн номхон рохинжачууд орон гэрээ орхин дайжих болсон юм.
Г.Доржханд

 


Related news