Гоц халдварт өвчний улмаас устгасан малд нэг ч малчин нөхөн төлбөр аваагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-06 18:39:32
Дундговь /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар мал устгасан тохиолдолд тухайн үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлөх тухай заалт Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд бий. Устгагдсан малын нөхөн төлбөрийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор олгохоор энэ хуульд тусгажээ. Харин гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилсөн малаа устгуулсаны нөхөн төлбөрийг нэг ч малчин өнөөдрийн байдлаар аваагүй байна.

2016 оны долдугаар сарын дундаас эхлэн энэ оны хавар хүртэл Дундговь аймгийн ихэнх сумын нутагт мал амьтны гоц халдварт цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм үргэлжилсэн. Өнгөрсөн жил гэхэд нийт 24 өрхийн 2900 мал өвчилж, үүний 560 гаруйг нь устгасан бол энэ он гарсаар 18 өрхийн 700 мал өвчилж, 440 гаруйг нь мөн устгажээ. Үүн дээр энэ намар дэгдсэн шүлхий өвчнөөр 250 гаруй мал устгагдсан нь нэмэгдэнэ. Ингээд бодоход  бүтэн нэг жилийн хугацаанд 1260 гаруй мал , үүн дотор 20 гаруй үхэр устгагджээ.

Дээрхи хуулийн дагуу устгагдсан малын нөхөн төлбөрийг малчдад олгох учиртай. Энэ тухайд Улсын онцгой комисст мэдэгдэж албан тоот хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу ирээгүй байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Нөхөн төлбөр олгох нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй энэ үед боломжгүй зүйл болж байгаагаар тайлбарлагдаж байгаа ажээ.

2004 онд Өндөршил, Баянжаргалан суманд шүлхий өвчин гарч байсан. Тухайн үед 399 үхэр устгаж байсан бөгөөд түүний нөхөн төлбөрийг дээрхи хуулийн дагуу зах зээлийн үнийн 90 хувиар тооцон олгож байсан удаатай билээ.  

Т. Отгонтуяа
Related news