Сомалид болсон дэлбэрэлтийн улмаас 200 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-16 09:14:22
МОГАДИШУ. /Шиньхуа/. Сомалийн нийслэл Могадишу хотод бямба гарагт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо 200 хүрсэн тухай “Шиньхуа” агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш Могадишу хотын хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт тэсрэх төхөөрөг ачсан ачааны машин дэлбэрсэн юм. Дэлбэрэлтийн улмаас 20 хүн амиа алдсан гэж цагдаагийн эх сурвалж анх мэдээлж байсан билээ. Гэвч дэлбэрэлтийн улмаас эвдэрч нурсан барилгуудын нурангин дороос олон цогцос гаргаснаар амиа алдагсдын тоо 200 хүрсэн байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна. Мөн дэлбэрэлтэд өртөн шархадсан 200 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ.

Энэ нь Сомалид 20 жил үргэлжилсэн иргэний дайн дуусаж, олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар 2012 онд албан ёсны засгийн газар байгуулснаас хойш тус улсад болсон хамгийн олон хүний аминд хүрсэн террорист халдлагуудын нэг болж байна.

Одоогоор энэ халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ цагдаа нарын үзэж буйгаар, халдлагыг Сомалид төвтэй лалын хэт давруу үзэлтнүүдийн “Аль-Шабаб” бүлэглэл үйлдсэн байж магадгүй.

Сомалийн Ерөнхийлөгч Мохамед Абдуллахи Мохамед энэ хэрэгтэй холбогдуулан ням гарагт мэдэгдэл хийхдээ “Дайснууд энгийн номхон иргэдийг зовоож шаналгахаа зогсоохгүй нь тодорхой. Бид террористуудыг үндсээр нь устгах болно” гэжээ.
Г.Доржханд
Related news