Умард Солонгосын цөмийн туршилтын талбайд олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-31 21:31:16
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын цөмийн туршилтын талбайд баригдаж дуусаагүй туннель нурсны улмаас 200 орчим хүн нурангид дарагдан амиа алдсан тухай Өмнөд Солонгос болон Японы эх сурвалжууд мэдээлж байна.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын зүүн хойд нутагт орших “Пунгери” цөмийн туршилтын талбайд саяхан энэ осол болжээ.  Туннелийг барьж байсан 100 орчим хүн нурангид дарагдан амиа алдсан бол 100-гаад хүн аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байхад дахин нуралт үүссэн аж.

Умард Солонгос нь өнгөрсөн сард зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн билээ. Энэ туршилтын улмаас газрын хөрс суларсан нь туннель нурахад нөлөөлсөн байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт буюу өчигдөр Өмнөд Солонгосын Цаг уурын газрын дарга Нам Жэ Чол мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос дахин цөмийн туршилт хийвэл цөмийн туршилтын талбайд нь нуралт үүсэж, их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдаж болзошгүй байна” гэж анхааруулж байсан юм.
Г.Доржханд
Related news