Нийгмийн хамгаалал нь ядуучуудад учрах гамшгийн эрсдэлийг багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
erdenechimeg@montsame.mn
2018-07-06 13:26:19
 “Хохирлыг арилгах хангамжийн сүлжээ ба нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн Гамшгийн эрсдэлийг бууруулахад гүйцэтгэх үүрэг” гэсэн сэдэв нь энэ долоо хоногт болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд чухал байр суурь эзэлж байлаа.
 
Монгол болон Пакистан улсын гамшигтай тэмцэх албадын удирдлагууд, түүнчлэн хөгжлийн болон хүмүүнлэгийн байгууллагуудын оролцоотой болсон салбар хуралдааны үеэр нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрүүдэд илүү ихээр хөрөнгө оруулах асуудлыг нухацтай хөндөв. 
 “Нийгмийн хамгаалал гэдэг бол хөгжлийн арга хэрэгсэл гэж үзсээр ирсэн. Харин одоо түүнийг гамшгийн эсрэг хариу үйлдэл хийх болон гамшгаас эрт урьдчилан сэргийлэхэд ашиглаж байна. Нийгмийн хамгаалал нь эмзэг айл өрхүүд, нийгмийн бүлгүүдийн хувьд гамшигт тэсвэртэй байдлыг бий болгох асар их боломж чадавхийг агуулдаг” гэж НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн захирал Дэвид Каатруд хэллээ.
Монголд гэхэд, хүн амын 30 хувь нүүдэлчин малчид бөгөөд тэдний амьжиргаа  зөвхөн мал сүргээс нь хамаардаг. Тус улс хэд хэдэн байгалийн гамшигт нэрвэгдэж байгаагийн дотор Зуд орно. Зундаа ган гачиг болсны дараа хатуу ширүүн өвлийн улирал залган ирснээр мал сүрэг идэш тэжээлээр гачигдахыг зуд гэдэг. 
Сүүлийн жилүүдэд тус улсын мал сүргийн тоо толгой 66 саяд хүрч, нийт бэлчээрийн талбайн 75 хувь нь талхигдан доройтолд оржээ.
“Зудын гамшигт үзүүлэх уламжлалт хариу үйлдэл нь малчид болон мал сүрэгт яаралтай тусламж үзүүлэх байдлаар голдуу хийгдэж ирсэн” гэдгийг Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Биате Транкманн дурдав. 
НҮБ-ын хувьд хяналтын үнэлгээний системийг хөгжүүлэх талаар Монголын Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд гамшгаас эрт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд эмзэг байдлыг тодорхойлох 14 төрлийн үзүүлэлтийг ашигладаг. Эдгээрийн дотор хур тунадасны хэмжээ, бэлчээрийн чанар, айл өрхүүдийн өр зээлийн хэмжээ, зах зээлд махны үнэ гэнэт буурах гэх мэт хүчин зүйлүүд багтана. 
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн ярьснаар, Монголын нийт малчдын 30 хувь ядуурлын шугамаас доош түвшинд амьдарч байна. Тус нийгэмлэг нь цаг уурын урьдчилсан мэдээнд үндэслэсэн санхүүжилтийг малчин өрхүүдэд олгох болсноор зудын аюулаас сэргийлэхэд нь тэдэнд тусалж байгаа ажээ.  
 “2017-2018 оны зудны өмнө бид эрсдэлд орж болзошгүй малчин айл өрхүүдэд бэлэн мөнгө өгсөн. Үүний ачаар олон өрх мөнгөн хуримтлалтай болж, зах зээлд хомсдол үүсэхээс өмнө хямд үнээр малдаа тэжээл худалдан авч чадсан” хэмээн хатагтай Н.Болормаа ярилаа.
2005 онд Пакистаны хойд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр тус улсын засгийн газар анх удаа “хуванцар” бэлэн мөнгө шилжүүлэх системийг бий болгосон ба үүний ачаар 1,6 сая хүн амьдралын нэн тэргүүний хэрэгцээгээ хангах, гамшгийн дараа сэргээн босголт хийхэд шаардагдах мөнгөтэй болжээ. 2008 онд засгийн газраас Орлогыг дэмжих Беназирийн хөтөлбөрийг сэргээснээр ядууралд ороод буй хүн амын 22 хувьд нь сар бүр бэлэн мөнгө шилжүүлж байгаа тухай Пакистанаас ирсэн төлөөлөгч Идреес Махсуд ярилаа.    
Ядуурлыг устгах, гамшигт өртөж буй хүмүүсийн тоог бууруулах нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан гол асуудал юм. 
 
Патрик Фюллер
 

Related news