Өвс, хүнсний хангамжаас гадна жирэмсэн эхийн амаржих орчныг бүрдүүлэхийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-07 13:56:11

НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал” судалгааны 2015 оны тайлан гарчээ. Энэ талаар өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ХАХНХЯ-ны Залуучуудын хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян нар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн тайлан улс хоорондын сөргөлдөөн, байгалийн гамшиг охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд илүүтэй анхаарчээ. Дэлхий нийтэд жилд дунджаар 330 гаруй байглийн гамшиг тохиолдож байна. Ази тив нь үер, шуурга, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог хэмээн хатагтай Наоми Китахара мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Гамшгийн үеэр нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжуудын наад захын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрдэг. Тухайлбал, Монгол Улсад өвөл зуд болох эрсдэл өндөр байдаг. Монголд нөхөн үржихүйн насны 586 мянган эмэгтэй бий. Зуд боллоо гэхэд эхчүүд эсэн мэнд амаржих боломжийг бүрдүүлэхийн тулд урьдчилсан бэлтгэл хангах хэрэгтэй. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас аливаа улсад хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэхдээ гамшгийн эрсдлийг бууруулах, хямралыг даван туулахад түлхүү анхаарах бодлого баримтлан ажиллана. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ХАХНХЯ, ОБЕГ-тай хамтран ажиллах нь чухал” гэлээ.

Гамшгийн үе дэхь иргэдийн аюулгүй байдлыг хангах, тэдний оролцоог хангах нь ХАХНХЯ-ны томоохон бодлого байх ёстой. Энэ хүрээнд 2013 оноос эхлэн ХАХНХЯ-наас НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ, Нийгмийн эрүүл мэндтийн төвтэй хамтран гамшгийн үед дэх хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт явуулж байжээ. Харин нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг хамгаалах асуудал нь шинэ зүйл гэдгийг ХАХНХЯ-ны Залуучуудын хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин хэлэв.

Зуд болох үед малын өвс, хүнс тэжээл, түлшний хангамж зэргээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх нь хамгийн тулгамдсан асуудал болдог байна. ХАХНХЯ-наас шинээр боловсруулж буй Жендерийн үндэсний хөтөлбөр, Хүн амын хөгжлийн цогц бодлого зэрэгт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг хамгаалах асуудлыг нарийн тусгаж, шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Дэлхийн хүн амын байдлын судалгаанд 100 сая гаруй хүний 25 хувийг нь 15-49 насны эмэгтэйчүүд эзэлдэг байна. Энэ нь эрүүл мэнд, онцгой байдал, хүн ам зэрэг бүхий л салбарууд хөгжлийн бодлогоо гамшиг болон хямралын үед эмэгтэйчүүдийг хамгаалахад чиглүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. ОБЕГ-аас Гамшгаас хамгаалах ерөнхий стратеги, гамшгийг эрсдлийг бууруулах чиглэлээр гаргаж буй бодлого хэрэгжүүлэхдээ эмэгтэйчүүдэд хандсан үйл ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна хэмээн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян хэллээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news