Энэтхэгт архины хэрэглээнд хориг тавьсныг дэмжив
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /BBC/. Энэтхэгийн Керала мужийн шөнийн цэнгээний газарт согтууруулах ундаа худалдаж, хэрэглэхэд хориг тавьсныг тус улсын Дээд шүүх дэмжжээ.
Таван одтой зочид буудлуудын бааранд архины худалдах, хэрэглэхийг хязгаарлах тухай хоригийг цуцлахыг хүсэж, цэнгээний газрын эзэмшигчдийн гаргасан заргыг шүүх хүлээж аваагүй байна.
Энэтхэгийн өмнөд нутгийн Керала муж цэнгээний газруудыг хааж, 10 жилийн дотор архины хэрэглээг бүрэн хориглохыг зорьж байна.
Жилд 8 литрээс дээш хэмжээний архи нэг хүнд оногддог Керала муж улсдаа архины хэрэглээгээрээ 1-т ордог юм. Энэтхэг улсад архины дундаж хэрэглээ жилдээ нэг хүнд ойролцоогоор 5.7 литр оногдож байна.
“Залуучууд амьдралаа сүйрүүлэхээс сэргийлж”, ирэх 10 жилд Керала архигүй муж болохыг тус улсын Засгийн газар дэмжжээ.
Ингэснээр дотоодын болон гадаадын аялагчдын дунд алдартай, тус мужийн 700 орчим баарыг хаана гэсэн үг юм. Архины хэрэглээг хориглосноор мужийн аялал, жуулчлалаас олдог орлого эрс буурч, олон хүнийг ажилгүй болгоно гэж цэнгээний газрын эзэмшигчид шүүхэд зарга мэдүүлсэн байна.
Гэвч олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал гэж Керала муж үзсэн юм.
Х.Аминаа