Луизианад цагаачдыг баривчлах томоохон ажиллагаа явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа Луизиана муж улсад хууль бус цагаачдыг баривчлах өргөн хүрээний ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухай "Associated Press" (AP) агентлаг тус улсын Дотоод аюулгүй байдлын яамны баримт бичгээс эш татан мэдээлжээ.
“Намгийн цэвэрлэгээ” (Swamp Sweep) гэдэг нэртэй ажиллагаа хоёр сар үргэлжлэх ажээ. Ирэх хэдэн долоо хоногт Луизиана муж улсын Шинэ Орлеан хотод дор хаяж хилийн цэргийн 250 албан хаагчийг илгээх бөгөөд эхний хэсэг нь 11 дүгээр сарын 21-нд ирж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байрлуулна. Уг ажиллагааны гол үе шат 12 дугаар сарын 1-нд эхлэх төлөвтэй байна. Мөн Луизианатай хил залгаа Миссисипи муж улсын нутаг дэвсгэрт ч ажиллагааг явуулж магадгүй байна. Хууль сахиулах байгууллагууд 5 мянга орчим хүнийг баривчлахаар төлөвлөжээ.
Цагаачлалын бодлогыг чангатгана гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа мэдэгдсэн юм. Тэрбээр хууль бусаар орж ирсэн цагаачдыг хөөн гаргах түүхэнд байгаагүй хамгийн өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулна гэж мэдэгдэж байв. Д.Трамп энэ оны нэгдүгээр сарын эцэст Цагаан ордонд эргэн ирснээс хойш Нью-Йорк, Чикаго (Иллинойс муж улс), Лос-Анжелес (Калифорни) зэрэг хотуудад хууль бус цагаачдыг баривчлах өргөн хэмжээний ажиллагаа явуулсан юм.
Мөн Хойд Каролина муж улсын хамгийн том хот болох Шарлоттад цагаачдыг баривчлах ажиллагаа явуулсан тухай Америкийн хэвлэлүүд энэ сарын 15-нд мэдээлжээ. CNN телевизийн мэдээлснээр, Гаалийн болон хил хамгаалалтын албаныхан тус хотод 200 гаруй хүнийг баривчилсан байна.
Ulaanbaatar