АНУ агаарын залуурт бөмбөг Туркт нийлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАКУ. /Trend/. Пентагоны эрх баригчид Туркийн Зэвсэгт хүчинд нийлүүлэх зорилгоор “BLU-109” маш бат бөх бетонон эсвэл төмөр бетонон бэхлэлтийг устгах зориулалттай, агаарын залуурт бөмбөг бүтээх 683 сая долларын гэрээг Америкийн хоёр компанитай байгуулжээ.
Энэ тухай долоо хоног тутмын “Defence News” сонинд мэдээлсэн байна.
“Пентагон тоог нь тусгайлан дурдаагүй залуурт бөмбөгийг Туркт нийлүүлэх 682.9 сая долларын гэрээ байгуулсан” гэж тус сонинд гарсан нийтлэлд онцолжээ. “Цаг үеийг нь олж гэрээ байгууллаа. Яагаад гэвэл бид тэгш бус байлдааны ажиллагаанд оролцож байгаа бөгөөд бидэнд агаарын залуурт бөмбөг хэрэгтэй байгаа” гэж Туркийн Батлан хамгаалахын төлөөлөгч хэлснийг тус сонинд бичсэн байна.
Пентагоны эрх баригчид “BLU-109” агаарын бөмбөгүүд болон бүрдэл хэсгүүдийг нь худалдах гэрээг Америкийн “Ellwood National Forge”, “General Dynamics Ordnance and Tactical Systems” гэсэн хоёр компанитай байгуулжээ.
АНУ ийм бөмбөгүүдийг 1985 оноос ашиглаж байгаа бөгөөд тухайлбал, Ирак, Афганистанд байлдааны ажиллагаа явуулж байхдаа хаяж байсан байна. Уг бөмбөг нь хатууруулан бат бөх болгосон бетоныг нэвтэлж чаддаг бөгөөд дараа нь цахилгаан механик тэслүүрээр тэсрэх төхөөрөг бүхий зэвсгийг дэлбэлж, дайсны хоргодох байранд доторхийг устгадаг байна.
Д.Жаргал