АНУ-ын тэргүүн хатагтай асан өөд болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын тэргүүн хатагтай асан Нэнси Рейган 94 насандаа өөд боллоо. Тэрбээр Калифорн муж улсын Лос-Анжелес хотын зэргэлдээх Бель-Айр тойрог дахь гэртээ зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан гэж Рейганий номын сан мэдэгдэв.
Тэрбээр Рональд Рейгантэй 52 жил ханилсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн агуу хайрын түүх болсон билээ.
1981-1989 онд тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын нэг байсан бөгөөд Цагаан ордонд өндөр зардлаар засвар хийлээ гэж түүнийг хүмүүс эхлээд шүүмжилж байсан боловч дараа нь тэрбээр олны хайрыг хамгийн их татсан нэгэн болжээ.
Түүнийг нөхөр Рональд Рейганийх нь дэргэд оршуулна гэж Ерөнхийлөгчийн номын сан мэдэгдэлдээ дурджээ. Рональд Рейганийг Калифорни мужийн Сими-Вэллей хотод оршуулсан аж.
Хатагтай Нэнси Рейган нь тэргүүн хатагтайн "гүйцэтгэдэг үүргийг өөрчилсөн" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.
Д.Нямтулга