“Их 20”-ийн уулзалтын үеэр дэлхийн эдийн засагт тулгамдаж буй сорилтуудад гол анхаарлаа хандуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-29 09:53:52

АНКАРА. /Anadolu/. Энэ долоо хоногт Аргентинд эхлэх “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Турк болон бусад орнууд дэлхийн эдийн засагт тулгамдаж буй сорилтуудад гол анхаарлаа хандуулна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт мэдээлэв.


“Бид дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг үнэлж, үүнд учирч буй гол эрсдлүүдийг арилгахын тулд цаашид хийх алхмуудаа тодорхойлно. Мөн боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, хөдөө аж ахуй болон эрчим хүчний асуудлуудын талаар хэлэлцэнэ” гэж Р.Эрдоган Истанбул хотын “Ататурк” нисэх онгоцны буудлаас Буэнос-Айрес хот руу хөдлөхийн өмнө хэлжээ. Тэрбээр баасан гарагаас эхлэн хоёр хоногийн турш үргэлжлэх уулзалтад оролцох бөгөөд 12 дугаар сарын 2-3-нд Парагуай, Венесуэль улсад албан айлчлал хийх ажээ.


“Олон улсын худалдаа шударга хийгээд чөлөөтэй байх нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл юм” гэж Туркийн Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна. 

関連ニュース