Баруун аймгуудыг эрчим хүчинд бүрэн холбох ажил шөнийн 04.26 цагт дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-29 11:50:33

Ховд /МОНЦАМЭ/Энэ сарын 24,25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэний улмаас эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаж, баруун гурван аймаг цахилгаан эрчим хүчгүй болоод байсан юм.

Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг амжилттай ажиллаж 2018 оны 11-р сарын 28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт эрчим хүчийг бүрэн холболоо.

Баруун бүсийн эрчим хүчний систем /ББЭХС/ 29-ний шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утсыг татаж дуусган засварын бригадыг ажлын байрнаас буулгасан байна. С-458 агаарын шугамын схемийг шалгаж, хүчдэл авахад бэлдсэн ба ББЭХС 29-ний шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгч 04:38 цагт Дөргөний Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулсан байна. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын иргэд тогтвортой эрчим хүчинд холбогдлоо гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ .

関連ニュース