Ираны тэрбумтанд цаазаар авах ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /Tasnim/. Ираны тэрбумтан Бабак Занжанид авлига авсан хэргээр цаазаар авах ял оноожээ.
Ираны Ерөнхий прокурор Голям Хоссейн Мохсени Эжеигийн мэдээлснээр, Занжани хоёр хамтран зүтгэгчийнхээ хамт цаазын ял авсан бөгөөд давж заалдах эрхтэй байна.
“Шүүх анхан шатны шүүх ажиллагаагаар авлигын хэрэгт буруутгагдсан гурван этгээдийг буруутай гэж үзээд цаазаар авах ял оноолоо” гэж Мохсени Эжеи хэлжээ. Тэрбээр мөн яллагдагчид Ираны нефтийн үндэсний компанийн хөрөнгийг буцаан олгох ёстой бөгөөд угаасан мөнгөнийхөө 25 хувийг төлөх ёстой болохыг мэдэгджээ.
Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Малайзад хөрөнгө эзэмшдэг, “Sorinet Group” корпорацийн тэргүүн Бабак Занжаниг санхүүгийн луйвар хийж, авлига авах замаар улсад хохирол учруулсан хэргээр 2013 оны 12 дугаар сарын 30-нд баривчилжээ. Түүнийг хориг арга хэмжээг тойруулан борлуулсан нефтийн худалдаанаас олсон мөнгийг үрж шамшигдуулсан хэрэгт буруутгасан байна. Ираны нефтийн үндэсний компани тэрбумтанд 2 тэрбум еврогийн нефть худалдах заавар өгчээ. Ингэхдээ тус компанийн удирдлага хууль зөрчин олсон мөнгөө эргүүлэн өгөх санхүүгийн баталгаа олгох үүргийг Занжанид хүлээлгээгүй байна.
Тэрбумтныг Тегеран хотын “Эвин” шоронд хорьжээ.
Д.Жаргал