У.Цэрэнтогтох:Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам тавигдсанаар олон нааштай өөрчлөлт гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-11 16:14:30

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум 2018 оныг “Бүтээн байгуулалт, тохижилтын жил” болгох зорилт дэвшүүлж,тус сумын нутгаар баруун бүсийн  босоо тэнхлэгийн зам тавигдаж, олон бүтээлч ажлууд өрнөсөн жил болж байна. Энэ тухай тус сумын Засаг дарга У.Цэрэнтогтохтой уулзаж ярилцлаа.

 

-Танай суманд энэ жил  хөрөнгө оруулалт хэр тусгагдаж, шинээр ямар бүтээн байгуулалт хийгдэв? 

-Бид олоо хоног бүрийн Пүрэв гарагийг сумын хэмжээнд бүтээлч ажлын өдөр болгон зарлаж, бүтээлч ажлын хэсэг байгуулсан тухай сумын Засаг даргын 2018 оны А/23 дугаар захирамж гарч баг, байгууллагуудад хүргүүлж бүтээн  байгуулалтын ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Юуны өмнө сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Жишиг гудамж байгуулах ажлын хүрээнд айл өрхийг хашаажуулахаар ОНХС-ийн 4.5 сая төгрөгөөр хашааны 2480 ширхэг банз бэлтгэж иргэдэд нийлүүлсэн. Өнөөдөр 28 айл хашаагаа банзаар сольж шинэчлэн сумын төвийн айлуудын хашааны өнгө үзэмж сайжирсан.

Сумын төвийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор дээд зуслангийн  эхэнд “Эвлэл” ХХК-тай гэрээ байгуулан гүн өрмийн худаг нэгийг шинээр гаргуулж ашиглалтад хүлээн авлаа.

Сумын нэгдсэн дулааны шугамын холболтын “BIBA SONE” ХХК гэрээлэн ажиллаж, ашиглалтад оруулаад байна.

Босоо тэнхлэгийн авто замын Чайна-хуаши ХХК-ний 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шураг багийн Усан салдаг, Хонгио багийн Майхны үзүүрт бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гүн өрмийн хоёр худаг гаргалаа. Малын усны хангамж нэмэгдсэн гэж үзэж байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 47.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Саун бүхий халуун усны барилгыг сумандаа ашиглалтад авлаа. Аймгийн Засаг даргын санаачлан  зарласан “Цэвэрч Ховдчууд” уралдаанд манай сум амжилттай ажиллаж аймагт 3 дугаар байр эзэллээ. 

-Танай сумын нутгаар баруун бүсийн босоо тэнхлэгийн замын бүтээн байгуулалт хийгдсэн. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг, сумын хөгжилд хэр  үр өгөөжтэй байв?

-Босоо тэнхлэгийн авто замын Чайна-хуаши ХХК компанийн техникийг ашиглан манай сумын Шураг багийн Ихэрийн хөтлийн замын машин явахад хүндрэлтэй хэсгийг засварласан. Малчдын хүсэлтээр Хонгио багийн Улаан үзүүрийн усны гарамд 12 сая төгрөгийн өртөг бүхий 6 ширхэг гүүр хоолой тавьснаар малчид тээвэр хийх, бэлчээр ашиглах нөхцөл бүрдлээ. Ингэснээр Намарзан багийн малчид иргэд зуслан намаржаандаа нүүхэд Цагаан сайрын голоор мал, машин гарах боломжтой боллоо. Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам тавигдснаар олон нааштай өөрчлөлтүүд гарч, ард иргэдэд таатай нөлөө үзүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

-Сумын иргэд, малчдын амьдрал ахуйд ямар дэмжлэг тусламж үзүүлж байна вэ?

-Сумандаа аж төрж буй иргэдийн орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал бүрдүүлэн 39 хүнтэй хамааралтай 10275,0 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх жагсаалтыг аймгийн татварын газарт хүргүүлээд байна. Малчдын малчнаар ажиллаж  нийгмийн даатгал төлсөн хугацааг тогтоох үүрэг бүхий сумын Зөвлөл байгуулагдаж өнөөдрийн байдлаар малчны тэтгэвэр тогтоолгох насны 20 гаруй малчны асуудлыг хэлэлцэж тогтоол гарган 1995-2000 онд малчнаар ажилласан хугацааг нь тогтоож өглөө.

Сумын Амьжиргаа дэмжих зөвлөл, аймгийн Хөдөлмөр, Халамжийн газрын хамтарсан хурал хийж МАА-н дөрвөн  багаас тус бүр нэг малчин буюу 4 малчныг 4-5 сая төгрөгний малаар малжуулах төсөлд хамруулаад байна.

-Сүүлийн үед малын халдварт өвчин ихсэж, улирал харгалзахгүй гардаг боллоо. Мал эрүүлжүүлэх талд ямар бодлого барьж байна вэ?

-Мерси кор” Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Малын эрүүл мэнд, гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2” төслийн хүрээнд зөөврийн мал тарилгын хашааг хүлээн авсан нь мал эрүүлжүүлэх, вакцинжуулахад малчид, МАА-н мэргэжилтнүүдийн ажил хөнгөвчлөх зохих нөхцөл бүрдлээ.

Энэ онд колибактериоз өвчний вакцинжуулалтанд 2800 бог, галзуу авчний вакцинжуулалтанд 1700 бод, шөвөг яр өвчний вакцинжуулалтанд 27359, боом өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 400 бод, ДХХ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 14900 бог, цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1320 бод, сохор догол өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 18240 бог хамрагдаж нийт 66719 бог, бод мал хамрагдсан.Сумын нийт 360 өрхийн 214500 бог малд мялзангийн вакцин хийсэн. Сумын хэмжээнд 19169 хурга, 15894 ишиг, 1585 тугал нийт 36648 төл малыг тус тус бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа.

-Танай сум өвөлжилтийн бэлтгэл хэр хангаж ажиллав?

-Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын угаалга, туулгалтын ажлыг малчид 95 гаруй хувьтай хийж гүйцэтгэсэн. Мөн сумын хэмжээнд 2400 тн байгалийн хадлан бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 50 тн пресс өвс нөөцлөөд байна. Өнөөдөрийн байдлаар цаг агаар хүйтэрч, цас бага зэрэг орж байна. Малчид хувийн бэлтгэлээ чамгүй базаасан бий.

 

            

関連ニュース