Майк Тайсон Лас-Вегас дахь харшаа худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-14 15:03:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн алдарт боксчин, хүнд жингийн дэлхийн аварга асан Майк Тайсон Невада муж улсын Лас-Вегас хот дахь харшаа худалдах гэж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Бараг 600 ам метр талбайтай хоёр давхар гоёмсог харш нь унтлагын тав, ариун цэврийн зургаан өрөөтэй, кинотеатр, хэд хэдэн ил зуух, дарс хадгалах зоорьтой, мөн жакуза, хүрхрээ бүхий усан сантай байна.

Өдгөө 49 настай Тайсон уг харшад 2008 оноос хойш амьдарч байгаа аж. Тэрбээр оны эхээр харшдаа их засвар хийсэн бөгөөд одоо түүнийгээ 1.5 сая доллароор худалдах гэж байгаа аж.

Орон гэрээ худалдах болсны шалтгаан нь Тайсан хөрш зэргэлдээ оршдог илүү том байшин руу нүүхээр болсон байна.

Тайсон 2005 онд боксын рингийг орхисон билээ. Тэрбээр 50 удаа ялж, 6 удаа ялагдаж байв. Тайсон Хамгийн хурдан нокаутад оруулсан тоогоор болон хүнд жингийн дэлхийн хамгийн залуу аварга болж, Гиннессийн дээд амжилтын номд хоёр удаа бүртгэгджээ.

Орчин үеийн хамгийн шилдэг боксчдын нэг болох Тайсон мөн 1992-1995 онд хүчингийн хэргээр ял эдэлсэн билээ.

Д.Жаргал

 

関連ニュース