Үйл ажиллагаа явуулах боломжгүй сургуулийн барилгыг буулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-03 12:31:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотод 43 жилийн өмнө ашиглалтад орсон 4 дүгээр сургуулийн анхны барилгыг буулгаж байна. Учир нь тус барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурах эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт хоёр жилийн өмнө гарсан аж. 

Дархан сумын 1,2,3 дугаар багийн нийт хүүхдийг хамран сургадаг тус сургууль 2009 онд хичээлийн шинэ байртай болсон. Одоо буулгаж буй хуучин сургуулийн байранд бага анги болон дугуйлан хичээллүүлэхээс гадна болон 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл сургуулийн архивын зориулалтаар ашиглаж иржээ.

Нийтдээ 810м2 талбай бүхий тус барилга нь 1976 онд ашиглалтад орсон аж. Барилгад засвар үйлчилгээ хийгээгүй, ариун цэврийн өрөө байхгүйгээс гадна цууралт өгч хэзээ мөдгүй нурах эрсдэл үүссэн учраас сурагчдын амралтын үеэр ийнхүү буулгаж байна гэж сургуулийн захиргааны зүгээс мэдэгдлээ.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2019 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолоор уг барилгын хөрөнгийг акталж, данснаас хасах шийдвэр гарсны дагуу аймгийн ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 435 дугаар ангитай гэрээ байгуулан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ сарын 1-нээс буулгаж эхэлсэн байна.

Дархан сумын 3 дугаар багт байрлах 4 дүгээр сургуулийн хуучин барилгыг буулгах ажилд “Дархан барилга захиалагч” ОНӨААТҮГ хяналт тавьж хэрэгжилтийг ханган ажиллах аж.

関連ニュース