"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг гурав дахь жилдээ өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-02 00:08:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хаан банк сан хамтран хэрэгжүүлж буй "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019" өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод нээлтээ хийлээ.

Тус аян нь иргэдэд зүрх, судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох, эрт илрүүлгийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийх, орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулах зорилготой аж.

"Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчин байгаа. Түүний дотор цусны даралт ихсэлт нэлээн өндөр хувьтай. Тухайн өвчнөөс шалтгаалсан зүрхний дутагдал, зүрхний шигдээс, тархины харвалт өндөр хувьтай орнуудын тоонд орно. Тийм учраас манай эмнэлгийн санаачилга, Хаан банх сангийн санхүүжилт, дэмжлэгээр 2017 оноос "Цусны даралт ихсэлт өвчний эсрэг аян"-ыг өрнүүлж гурав дахь жилдээ ажиллаж байна" гэдгийг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хэллээ.

Баян-Өлгий аймгийн хувьд цусны даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархины харвалтын өвчлөл, нас баралтаар улсын дунджаас дээгүүр явдаг аж. Тухайн төрлийн өвчлөлийн түвшин сүүлийн жилүүдэд нэмэгдэж, дөрөвдүгээр байрнаас урагшлан хоёрдугаар байрт орсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Үүнд давсны хэрэглээ их байгаа нь голдуу нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний нэг хоногийн давсны зохистой хэрэглээг 5 грамм гэж тодорхойлсон ч баруун аймгуудад энэ үзүүлэлт гурав дахин их байгаа аж.   

Тийм учраас аяны хүрээнд ард иргэдийн нийгмийн эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах, өвчнийг эрт илрүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын байранд "Эрүүл мэндийн булан" нээж, иргэдэд цусны даралтаа үнэ төлбөргүй хэмжих боломж бүрдүүллээ. Мөн П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлгийн эмч нартай хамтран Өлгий хотын төв талбайд иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины харвалт, бөөр, хоол боловсролын замын эмгэг зэрэг нарийн мэргэжлийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгч байна. 

"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ы багийн эмч нар Баян-Өлгий аймагт энэ сарын хоёрны өдрийг дуустал ажиллана.          

 

関連ニュース