БАЯН-ӨЛГИЙ: Алтай Таван богдыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-08-24 16:10:38

Өлгий, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Алтай Таван богдыг зорих гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.


Тиймээс төр засаг, аймаг орон нутгаас энэ бүс нутгийг хөгжүүлэх, таатай орчныг бүрдүүлэхэд анхаарах болжээ. Тухайлбал, ирэх жилүүдэд Өлгий-Сагсай-Цэнгэл сумдын нутгаар тавьж байгаа хатуу хучилттай авто замыг Алтай Таван богд руу чиглүүлэхээр төлөвлөж байна. Зам дагуух цахилгаан хангамжийн асуудлыг шийдэж чадвал үйлчилгээний чанар, төрөлд ахиц гарч, жуулчдын тоо улам улам нэмэгдэх юм. 


Баян-Өлгий аймагт ирсэн жуулчдын дийлэнх нь Алтай Таван богд уулыг зорьдог. Энэ ууланд жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 дүгээр сард цаг агаар хамгийн тохиромжтой гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар тун тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Уулын эргэн тойронд жуулчны бааз, зочид буудал байхгүй. Зөвхөн майханд, эсвэл нутгийн иргэдийн гэрт өдөрт нэг хүн 20000-30000 төгрөг төлж хонож болно.


Баян-Өлгийн нийт нутгаар ноднин өвөл цаг хүндэрч, зун хур бороо бага байсан ч хайрхны орчмоор олон жилийн дунджийн хэмжээнд хур тунадас бууж, тэр хэрээр өвс ногоо алаглан, намар цаг налайж, хүн зоны сэтгэл тэнүүн байна. Сонирхуулахад, Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад, нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана мөн Алтай Таван богдод байрласан байдаг. Монгол Улсад "Богд" гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374/ юм. Түүнчлэн Монголын түүх уран зохиолын хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоо" номонд "Улуг таг" /Их уул/ хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг олон мөнх цаст оргилуудтай.

関連ニュース