Импортын хүнсний ногооны найрлагаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс их химийн бодис илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-01 23:54:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-аас импортолсон жимс, хүнсний ногоог лабораторийн шинжилгээнд хамруулахад хортон шавьж, химийн бодис ихээр илэрсэн талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Тодруулж хэлбэл, Цагааннуур боомтоор өнгөрсөн сарын 26-ны өдөр оруулж ирсэн хагас тонн байцаа, бөөрөнхий сонгиныг хими, хор судлалын лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний үр дүнгээр цацагт далавчтан болон пестицидийн үлдэгдэл бүхий нитрат зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс их гарчээ.

Дээрх хүнсний ногоог ямар компани оруулж ирсэн талаарх мэдээллийг өгөхөөс тус байгууллага татгалзав. Харин шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг устгалд оруулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг нэг сая төгрөгөөр торгожээ. 

Нитрат нь хүний эс болон ДНК-г гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг аюултай аж. Иймд ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд жимс, хүнсний ногоог экспортлогч улсын эрх бүхий байгууллагын лабораторийн шинжилгээнд хамруулах, Монгол Улсын стандартад нийцсэн, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн импортлохыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

関連ニュース