АХБ малчин өрхүүдэд 2 сая долларын тусламж үзүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАНИЛА. /Adb/. Удаан хугацаанд сунжирсан байгалийн гамшиг болох зудад нэрвэгдээд байгаа Монголын малчин өрхүүдэд яаралтай тусламж үзүүлэх НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд тус улсад хоёр сая долларын буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрт Азийн хөгжлийн банкны /АХБ/ Монголыг хариуцсан захирал Роберт Шоэллхаммер болон Монголын Сангийн сайд Б.Болор нар гарын үсэг зурлаа.
"Зун нь ган болж, өвөл нь цас их орж, цочир хүйтэрснээс үүдэлтэй зудны гамшгийн улмаас Монголын зарим нутагт айл өрхүүдийн байдал маш хүнд байна. Олон сая толгой мал бэлчээргүй болж, өлсөж үхэхийн ирмэг дээр байгаа бөгөөд үүний улмаас мал аж ахуйгаар амьжиргаагаа залгадаг малчдын мал сүрэг, тэр ч байтугай өөрсдийнх нь амь нас эрсдэлд ороод байна" гэж Роберт Шоэллхаммер ярьж байна.
Онцгой байдлын албаны мэдээлснээр, өвлийн үеэр Монголын нийт нутгийн 90 хувь нь цасаар хучигдсан байна. Гуравдугаар сарын сүүлийн байдлаар Монголын 339 сумын гуравны нэг нь зудад нэрвэгдсэн буюу зуд болоход ойрхон байна гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ.
Гуравдугаар сарын сүүлийн байдлаар, хахир хатуу өвлийн улмаас 669 мянган тоо толгой мал хорогдсон тухай Засгийн газар мэдээллээ. Хаврын улиралд мал сүрэг тамирдан туйлддаг учир энэ үеэр илүү олон тооны мал хорогдож болзошгүй байгаад НҮБ санаа зовниж байна.
1999 оноос хойш Монгол Улсад гурван жил дараалан зуд болсны улмаас11 сая толгой мал хорогдож байжээ. Энэ жилийн хувьд малчид малаа зуданд алдаж байснаас нядлан борлуулах нь зүйтэй гэж үзсэн тул Монголд мах болон малын арьсны нийлүүлэлт асар ихэсч, махны үнэ унахад хүргэсэн байна.
Нийт малчдын 41 хувь буюу 225 мянга гаруй хүн хүндхэн өвлийг туулсны 28 мянга орчим нь тав хүрээгүй хүүхдүүд байна гэж НҮБ мэдээлжээ. Хүнд байдалд орсон малчин өрхүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд 14.3 сая доллар шаардлагатай байна.
Эдгээр нөхцөл байдлын харгалзан Монголын Засгийн газар АХБ-ны Ази, Номхон далайн гамшгийн үед хариу арга хэмжээ авах санд хүсэлт гаргажээ. Тус сан нь 2009 онд байгуулагдсан бөгөөд байгалийн гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх зорилготой юм.
АХБ-ны буцалтгүй тусламжид НҮБ-ын 2.4 сая долларын тусламж багтаж байгаа бөгөөд үүнийг гамшигт өртсөн өрхүүдэд хоол хүнс, тэжээл, эм тариа, автомашины түлш хүргэхэд ашиглана.
АХБ-наас өнгөрсөн онд Монгол Улсад зориулан 297.5 сая доллар хуваарилсан бөгөөд үүнд тус улсын Засгийн газрын авсан дөрвөн зээлийн 275 сая доллар, хоёр төсөлд зарцуулагдах 6 сая долларын буцалтгүй тусламж, техникийн туслалцааны 17 хөтөлбөрт зориулсан 16.5 сая долларын зээл багтаж байна.
Д.Нямтулга