Залуу гэр бүлийн андгай өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-10-18 14:57:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил, Дархан хотын ойн өдрийн хүрээнд “Ахмад гэр бүлийн алтан сургаал-Залуу гэр бүлийн андгай өргөх” ёслол Гэрлэх ёслолын өргөөнд боллоо. 

Энэ өдрийн үйл ажиллагааны зорилго нь залуу гэр бүлийг нийгэмд төлөвшүүлэх, ахмадуудаасаа суралцах, тэдэнд өвөг дээдсийнхээ ариун нандин сургаал, ёс заншлыг эрхэмлүүлэх, монгол гэр бүлийн уламжлалт хэв шинжийг хадгалан хамгаалах, журамт үүргээ биелүүлж, үр хүүхэд, эцэг эх, төр нийгмийн өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлахад оршсон аж.
Залуу хосууд андгай өргөхийн зэрэгцээ Дархан хотод 58 жил хослон амьдарсан ахмад буурлууд алтан сургаалаа залуу гэр бүлдээ хайрласан юм.Түүнчлэн 58 жилийн тэртээ Дархан хотынхоо тулгийн чулуу тавилцаж өргөө гэрийнхээ болон өөдлөн дэгжих Найрамдлын хотынхоо галыг асаалцсан ахмад гэр бүлд Аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж “Хүндэт өргөмжлөл” гардуулсан юм.

Манай аймагт жилд дунджаар 500 орчим залуу хосууд гэрлэлтээ батлуулж гал голомтоо бадраадаг судалгаа байдаг. Залуу хосуудаа төрөлх нутагтаа гэрлэлтээ батлуулах санал хүсэлтийг үндэслэн өнгөрсөн 3 дугаар сард Гэрлэх ёслолын өргөөг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэргэд байгуулсан билээ. Тус үйл ажиллагааг аймгийн ИТХ, ЗДТГ, Ахмадын хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сум багуудын Ахмадын хороо, зөвлөл, Иргэдийн төлөөлөл хамтран явуулсан байна. 

Энэ өдрийн андгай өргөх ёслолд аймгийн Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Цэрэндаваа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан нар урилгаар оролцож залуу хосууддаа баяр хүргэлээ.

関連ニュース