ДАРХАН-УУЛ: Эрхэм нандин төслөөр дамжуулан охидын ариун цэврийн булан бий болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өсвөр насны охид, хөвгүүдийн нөхөн үржихүйн боловсролыг нэмэгдүүлэх, охидод сарын тэмдэг ирэх нь үе тэнгийнхнээсээ ичих зүйл биш гэдгийг ойлгуулах, сургууль дээрээ үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэглэлээ авах боломжийг олгох зорилгоор “Эрхэм нандин” төслийг Барло Ворлд ХХК-иас хэрэгжүүлж эхэллээ.
“Эрхэм нандин” төслийг наймдугаар сард төсөл хүлэн авах хугацаанд Дархан-Уул аймгаас дөрвөн сургууль материалаа илгээж, шалгаруулалтад өнгөрсөн онд ашиглалтад орсон 31 дүгээр сургууль тэнцэж төсөл эхлүүлэх эрхийг авчээ.

31 дүгээр сургуульд 40 бүлэгт 1378 сурагч суралцдаг. Үүнээс 717 нь охид юм.
Монгол улсад гурван охин тутмын нэг нь сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлээ авч чадаагүйн улмаас хичээл, бэлтгэл сургуулилтаа тасалдаг гэсэн судалгааг тус компани гаргасан байна.
Тиймээс нөлөөллийн дуу хоолойг бодит ажил хэрэг болгох үүднээс эдгээр машинуудаар дамжуулан өсвөр насны охидод туслах замыг нээжээ.

Тухайлбал 6-12 дугаар ангийн охидод зориулсан энэхүү төсөл нь өсвөр насны охидын сарын тэмдгийн үед ашиглах ариун цэврийн хэрэглэлийг тусгай хайрцагт байрлуулах юм. Охидод тусгай чип өгсөн бөгөөд сарын тэмдэгийн үед гурван удаа үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэглэлээ сургууль дээрээ авч, солих боломжийг бүрдүүлжээ.
Тухайн вендинг машинд байрлуулах ариун цэврийн хэрэглэлийг Барло Ворлд ХХК бүтэн жилийн турш хариуцаж үнэ төлбөргүй олгох юм. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хүүхдүүдийн биед гаж нөлөөгүй, элдэв харшил өгөхгүй “Хатад” ариун цэврийн хэрэглэлийг сонгосон бөгөөд нэг удаад 72 ширхэг багтана гэж компанийн сургалтын зохицуулагч Г.Эрдэнэ онцолж байна.

Сургуулийн эмч тухайн вендинг машинд хяналт тавьж, дууссан тохиолдолд цэнэглэх,
охидод зөвлөмж өгч ажиллах юм.
“Эрхэм нандин” төсөл нь гурав дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хот, Өвөрхангай, Дархан-Уул аймагт нийт 28 вендинг машин суурилуулжээ. 24 цагийн турш ажиллах боломжтой уг машинаас өнөөдрийн байдлаар 10500 ширхэг ариун цэврийн хэрэглэлийг авч хэрэглэжээ.

Мөн өсвөр насны охид гэлтгүй хөвгүүдийн нөхөн үржихүйн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөхийг зорьж байна.
Энэ хүрээнд төслийг хамтран хэрэгжүүлэгч Дархан сумын 15 дугаар баг, Гүүд Нейборс олон улсын байгууллагаас өсвөрийн клубийн сурагчдыг үе тэнгийнхний сургагч багшаар бэлтгэхэд анхаарч сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад хамрагдсан сурагчид зөвхөн өөрийнхөө сургуулийн найз нөхдөдөө
мэдлэгээ хуваалцахаас гадна аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн үе тэнгийнхэндээ нөхөн үржихүй, бэлгийн боловсрол нь ичих зүйл биш
гэдэг ойлголтыг өгөх юм.
Ulaanbaatar